ГАШУУДЛЫН ДУНДАХ ТАЙТГАРАЛ

ГАШУУДЛЫН ДУНДАХ ТАЙТГАРАЛ

Хэн нэгэн найз маань гэр бүлийнхээ гишүүнийг эмгэнэлтэйгээр алдсан тохиолдолд бидний ихэнх нь түүн дээр эргэж очихоос айдаг. Учир нь “Би найздаа юу гэж хэлэх билээ дээ?” гэж бид боддог.
Юу гэж хэлэх тухай, мөн юу хэлэхгүй байх талаар санаа авахын тулд Иовын амьдралыг хараарай. Иов зовлон эдлэхдээ маш тэвчээртэй байснаараа олноо танигджээ. Тэр бүх мал сүрэг, зарц шивэгчин, арван хүүхдээ бүгдийг маш богино хугацаанд алдсан. Үүн дээр нэмээд тэр хөлийнхөө улнаас толгойн орой хүртэл яр шарханд баригдсан юм.
Иовд бас гурван найз байв. Тэд Иовын зовлон зүдгүүрийн тухай сонсоод түүнийг эргэж тойрохоор шийджээ. Библид хэлэхдээ “Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд ... түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ”. (Иов 2:13) Тэдний зүгээс хийж болох байсан хамгийн сайн зүйл бол тэнд түүнтэй чимээгүйхэн байж байх.
Гэвч харамсалтай нь тэд түүнд гуниг гутралаас салахад нь туслах ёстой гэж үзээд ярьж эхэлсэн юм. Тэр цагаас авахуулан тэдний тус нь ус болжээ. Учир нь тэд хэтэрхий их ярьсан. Иовд яагаад зовлон эдлэх болсныг нь тайлбарлах гэж хичээсэн ба түүнд хүсээгүй үед нь зөвлөгөө өгөв.
Иовд үнэндээ юу хэрэгтэй байсан бол? Хоёрхон зүйл л хэрэгтэй байж. Эхний нь урам зориг. Иов хэлэхдээ “Агаар мэт үгэнд хязгаар бий юу? ... Та нар миний оронд байсан бол ... амаараа би та нарыг хүчирхэгжүүлж, уруулынхаа тайвшрууллаар зовлонг чинь нимгэлэх байсан” гэжээ. (Иов 16:3-6) Иовд философийн хариултууд биш, харин дэмжлэг болоод найдвар хэрэгтэй байжээ.
Иовын хүсэж байсан хоёр дахь зүйл бол хэн нэгэн түүнийг сонсоосой гэж хүссэн. Тэр хэлэхдээ “Хэлэх үгийг минь анхааралтай сонс, энэ нь та нарын тайвшрал болог!” гэв. (Иов 21:2) Нэг гашуудсан эцэг хүн ингэж хэлж байж билээ. “Миний хүүхдүүд өнгөрсний дараа би тэднийхээ талаар хүнд ярьж өгөхөөр надад тайвшрал дандаа ирдэг байж билээ. Надад хамгийн их тус болсон хүмүүс бол намайг тэгж яриулдаг, бас миний өмнөөс ‘үүнийг засаж’ чадахгүйгээсээ болж эвгүйхдэггүй хүмүүс билээ.”
Та өөрийнхөө гашуудалд автсан найзаа хоёргүй сэтгэлээр сонсоорой. Тэгээд дараа нь түүнд урам зориг өгөх нэг сайн санаат үйлсийн тухай бодож үзээрэй. Жишээлбэл, түүнд ямар нэг жижиг тус хүргэх юм уу, өмнөөс нь утсаар ярьж, хүмүүстэй уулзаж ярилцах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг бодоорой. Та хайраар дүүрэн зүрх сэтгэлээр түүний амьдралыг өөрчилж чадна шүү.


АМААРАА ТА НАРЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЖ, ХЭЛЭХ ҮГИЙГ МИНЬ АНХААРАЛТАЙ СОНС. ЭНЭ НЬ ТА НАРЫН ТАЙВШРАЛ БОЛОГ.