ЗАЛБИРЛЫН УЧИР ШАЛТГААН ЮУ ГЭЖ?

ЗАЛБИРЛЫН УЧИР ШАЛТГААН ЮУ ГЭЖ?

Та яагаад залбирдаг вэ? Магадгүй таван шалтгааны улмаас залбирдаг байх. Та залбирч чаддаг, залбирч болдог, залбирдаг байх хэрэгтэй, залбирахыг хүсдэг, мөн залбирах ёстой учраас.
Илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Нэгдүгээрт, та залбирч чадах учраас залбирдаг. Бурхан биднийг онцгой байдлаар бүтээсэн учраас бид тэнгэрт Бурхан гэж байдгийг ухамсарладаг. Мөн биднийг тархи оюунтайгаар бүтээсэн нь бид бодож, үзэл санаа бүрдүүлж, үгсийг нэгтгэн утга санаа гаргаж, түүгээрээ Бурхантай харилцаж чаддаг.
Түүнчлэн та залбирч болох тул залбирдаг. Бурхан бидэнд тэнгэр улсын хааны танхимд нэвтрэх эрхийг өгчхөөд байна. Библид энэ тухайд “Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё” хэмээн хэлсэн. (Еврей 4:16)
Мөн та залбирах хэрэгтэй учраас залбирдаг байж магад. Есүс шавь нартаа “сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстой” гэж айлдаж байсныг сануулъя. (Лук 18:1)
Дараагийн шалтгаан бол та залбирахыг хүсдэг учраас залбирдаг юм. Танд хэрэгцээ байдаг тул та тэдгээрээ Бурханаар хангуулахыг хүсдэг шүү дээ. Мөн та ивээл ерөөл авсныхаа төлөө баярласан талархсанаа илэрхийлэхийг хүсдэг билээ.
Эцэст нь та залбирах ёстой учраас залбирдаг. Пастор Жим Симбала “Хэрэв ‘Би залбирах учиртай юм’ гэх төдий зүйл хэлэх бол удахгүй миний идэвх суларч, би болих юм... Тиймээс би залбирахын тулд ямар нэг юманд хөтлөгдөх ёстой” гэж хэлсэн. Тийм учраас, Бурхан бидний амьдралд зовлон бэрхшээлийг зөвшөөрдөгт гайхах зүйл үгүй. Биднийг өвдөг сөхрүүлж Өөрийг нь эрж хайх боломжийг бүрдүүлэхийн тулд тэгдэг. Эртний нэг ийм үг байдаг. “Бурхангүй үзэлтнүүдэд нуувчид зай үгүй.” Учир нь танд аминд тулсан асуудал тохиолдож, Бурханы тусламж зайлшгүй хэрэгтэй байхад та гэнэт зогсоод залбиралд итгэж болох арван логик үндэслэл гэх мэт зүйлийг бодож эргэцүүлдэггүй шүү дээ. Харин ч та ухаан мэдрэлээ алдаж Түүнд хандан тусламж гуйн хашхирдаг биз дээ.
Тийм ээ, бид залбирч чаддаг, залбирч болдог, залбирдаг байх хэрэгтэй, залбирахыг хүсдэг, мөн залбирах ёстой учраас залбирдаг юм. Энэ бол бидэнд өгөгдсөн агуу завшаан юм. Энэ бол Мосе Израилийн ард түмэнд хандаж “Дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН шиг тийм ойрхон байдаг бурхантай агуу үндэстэн хаана байна вэ?” (Дэд хууль 4:7) гэж хэлсэнтэй эгээ адил.


ТЭР ТАНЫ ЗАЛБИРАХЫГ ЯАГААД УДТАЛ ХҮЛЭЭНЭ ГЭЖ?!