НАМАЙГ УУЧЛААРАЙ

НАМАЙГ УУЧЛААРАЙ

Танд тохиолдсон зарим зүйлс ухаан бодлоос чинь насан туршид гарахгүй байх нь бий. Бяцхан охин байхад надад ч гэсэн нэг тийм зүйл тохиолдсон. Нэг удаа би ээждээ алтан хошуу өргөтөл ээж намайг алгадаад авсныг тодхон санаж байна. Зөөлнөөр хэлэхэд, би зог тусаад үлдэж байж. Учир нь ээж минь жирийн үед намайг ийм аргаар хүмүүжүүлж үзээгүй. Тэгээд би гомдлоо залгиад аль болох хурдан түүний дэргэдээс холдож явахаас өөр аргагүй болж байжээ. Тэр оройноо орондоо нойр хүрэхгүй хөрвөөж байхад ээж өрөөнд минь орж ирсэн. Тэр надаас уучлалт гуйсан нь үнэхээр намайг гайхшруулж билээ. Ээж урьд өмнө хэзээ ч надаас уучлалт гуйж байгаагүй болохоор би энэ удаад үнэхээр гайхаж хоцорсон. Бид тэврэлдээд суув. Түүний уучлалт хүссэн даруухан сэтгэлийг би хэзээ ч мартаагүй.
Буруу зүйл хийснээ хүүхдүүдийнхээ өмнө хүлээх нь зөв үү? Тэглээ гээд тэд таныг хүндлэхээ болих юм биш үү? Үгүй, мянга дахин хэлсэн ч илүүдэхгүй, хүндлэхээ болихгүй. Түүгээр барахгүй ээж, аав та тэднээс уучлалт гуйвал тэд таныг улам илүү хүндлэх болно шүү.
Нэгэн ээж яаралтай юманд явах болчихоод машиныхаа түлхүүрээ хайгаад олохгүй болохоор 10 настай хүүгээ түлхүүр аваад энд тэнд тавилаа гээд аашилж зандарч гэнэ. Тэгээд хайгаад байсан чинь тэр ээж түлхүүрээ өөрөө өөрөөсөө нууж орхисон байж. Тэр өөрөө түлхүүрээ өөр газар тавьсан байв. Ингээд гэр бүлийн түүхэнд анх удаагаа тэр ээж хүүгээ дуудаж, буруу бодож, буруу загнаснаа хүлээн зөвшөөрч хүүгээсээ уучлалт гуйжээ. Тэгсэн чинь хүү нь цөөхөн хэдхэн насандаа хурааж хураасан хамаг бухимдлаа өөдөөс нь асгаж цутгаж гэнэ. Хүүгийн ярьсан болгонтой ээж нь санал нэгдэхээс өөр аргагүй байлаа. Үнэндээ хүүгийн ярьсан зүйл бүхэн зөв байжээ. Эцсийн эцэст, хүү ээжийгээ тэврээд “Ээжээ, та надад үнэхээр хайртай юм байна. Би таныг уучиллаа” гэж хэлсэн гэнэ. Ээжийн ярьснаар хүү тэр хоёр урьд өмнө амсаж байгаагүй тийм баяр хөөр, нэг нэгнээ хайрлах сэтгэлээр дүүрэн уйлцгаасан гэнэ.
Библи “Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил” хэмээн хэлдэг. (Колоссай 3:13) Хэрэв та хүүдээ эсвэл охиндоо “Намайг уучлаарай. Намайг өршөөгөөрэй” гэж зүрх зориг гарган хэлэх юм бол таны гэр бүлд ямар их эдгэрэл явагдахыг зүгээр л бодоод үз дээ. Та өнөөдөр тийм зүйл хийгээрэй.

БАРДАМ ЗАНГАА ХОЙШ ТАВЬЖ, ҮЛ ОЙЛГОЛЦЛОО БАЯР ЖАРГАЛТАЙ ХАРИЛЦАА БОЛГООРОЙ.