САЙН МЭДЭЭНИЙ ХҮЧ

САЙН МЭДЭЭНИЙ ХҮЧ

Алдартай сайн мэдээ тараагч Двайт Мууди нэг удаа бурхангүй атеист үзэлтэй хүнтэй мэтгэлцээнд орох дуудлагыг хүлээн авч гэнэ. Гэхдээ нэг л болзолтойгоор зөвшөөрчээ. Нөгөө атеист үзэлтэй хүн нь атеист үзэл буюу атеизмын улмаас амьдрал нь орвонгоор эргэж өөрчлөгдсөн дор хаяж 10 хүнийг дагуулж ирэх ёстой байлаа. Харин Муудигийн зүгээс доод тал нь 100 хүнийг авчирч чадахаа амлав. Тэр хүмүүс нь Христэд итгэснийхээ улмаас ёс бус, нүгэлт байдлаас салж, шулуун шударга, зөвт амьдралтай болсноо тайзан дээрээс гэрчилж чадна гэжээ. Ингээд өнөөх атест үзэлт хүн арван гэрчлэгчийг дагуулж ирж чадахгүйгээсээ болж мэтгэлцээнээ цуцлахад хүрч байсан гэнэ.
Элч Паул “Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг … аврах Бурханы хүч мөн” гэж тунхаглаж байсныг санаж байна уу? (Ром 1:16) Паул тэрхүү амьдралыг өөрчлөгч хүчийг биеэрээ харуулах үлгэр жишээ байв. Түүний тухай Библид анх дурдахдаа Саул гэгч залуу Христитгэлт удирдагч Стефаныг чулуугаар цохиулж алуулж байгааг үзэж буйгаар дүрсэлжээ. Тэр цаазын ялыг гэрчлэгсэд Саулын хөлд гадуур дээл хувцсаа тавьж мануулжээ. Гэхдээ Саул зүгээр л нэг хувцасны сахиул байсангүй. Ариун Бичээст түүнийг Стефаны үхлийг сайшааж байсан гэв. (Үйлс 8:1) Тэр үйл явдлаас хойш Саул өөрөө айлаас айлд цөмрөн Христитгэгчдийг илчлэн гаргаж, шорон гянданд хаядаг болсон юм. (Үйлс 8:3)
“Эзэний дагалдагчдыг алж хядна гэж Саул аахилж уухилан” тэргүүн тахилчид бараалхан түүнээс Дамаскийн синагогуудад батлан даасан захидал бичиж өгөхийг хүсчээ. Дамаск хотоос “мөнөөх Замд хамаарах [буюу Христэд итгэгч] эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд” захидал бичиж өгөх хүсэлтийг Саул гаргав. (Үйлс 9:1-2)
Гэтэл Дамаск хотод хүрээ ч үгүй байхдаа Эзэнтэй уулзаж, амьдрал нь орвонгоор эргэж өөрчлөгдөнө гэдгийг Саул тухайн үед даанч мэдээгүй юм. Ажил алба нь хавчин мөрдөгч байхаас сургаал номлогч болж, нэр алдар нь Саул гэдгээс Паул болсон юм. Сэтгэл зүрх нь ч Христитгэгчдийн үхлийг харах эрмэлзэлтэйгээс эдүгээ бусдад сайн мэдээг сонсгохын тулд амиа өгөхөд бэлэн болтол өөрчлөгджээ.


АНД МИНЬ, САЙН МЭДЭЭ ӨНӨӨДӨР Ч ГЭСЭН ХҮЧ НӨЛӨӨТЭЙ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ, МӨНХ ХУГАЦААГ БЭЛЭГЛЭХ ЧАДАЛТАЙ ХЭВЭЭР. ЭЗЭНТЭЙ ХУВЬЧИЛСАН ХАРЬЦААТАЙ БОЛСНООР ТАНЫ АМЬДРАЛ Ч ГЭСЭН ТЭГЖ ӨӨРЧЛӨГДӨХ БОЛОМЖТОЙ.