ХҮҮХДҮҮДЭД Ч ГЭСЭН УРАМ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ

ХҮҮХДҮҮДЭД Ч ГЭСЭН УРАМ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ

Балчир үр нь үнэхээр “сэтгэлээр унасан” байхыг нэгэн ээж анзаарчээ. Хүү нь толгойгоо унжуулчихсан явж байсан гэвэл хилсдэхгүй. Тэр үед ээж нь түүнийг яаж урамшуулж болохыг удтал бодож байгаад нэг санаа олж. Ээж нь нэг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр авч, гал тогооны ширээн дээр тавив. Тэр дэвтэртээ өдөр бүр хүүгийнхээ талаар анзаарч харсан эерэг сайн зүйлсийг бичдэг болж. Жишээлбэл, гуйгаагүй байхад түүний гэр орондоо хийж өгсөн тусыг ч юм уу, жаахан охин дүүтэйгээ эелдэг сайхан харьцсаныг нь ч юм уу. Ээж нь заримдаа баярлаж талархсан үгээ, мөн хааяа нэг алдаж буруудсаныхаа төлөө уучлалт гуйсан үгээ ч хүртэл дэвтэрт бичдэг болжээ. Тэгээд анзаарсан чинь хүү нь өглөө бүр ундаа уух зуураа тэр дэвтрийг нээж, ээжийнхээ бичсэнийг уншдаг гэдгийг харжээ. Төд удалгүй хүүгийн сэтгэл санаа өөдрөг болж, хандлага нь өөрчлөгдөж байгааг анзаарсан юм.
Эцэг эхийн хувьд хүүхдүүдийнхээ сайн зөв хийдэг юмсаас илүүгээр буруу муу юмсыг илүү анхаарах нь илүү хялбар. Заримдаа аав нь оройн хоолны цагаар гэртээ харьж ирээд хүүхдүүдийнхээ хийж дуусгаагүй зүйлсийг юуны түрүүнд олж хардаг. Унасан дугуй, гулгасан чарга тэшүүрээ хураалгүй орхисон. Эсвэл хогийн сав дүүрсэн байхад хогоо гаргаагүй. Тийм зүйлсийг түрүүлж хардаг. Тэгээд орж ирээд хамгийн эхэнд “Өө, чи яагаад гэрийнхээ ажлаа хийгээгүй байгаа юм бэ?” гэж хэлцгээдэг. Мэдээж хүүхдүүд хариуцлагатай байхад суралцах нь чухал. Гэхдээ гэртээ дөнгөж орж ирээд тэднийг юуны түрүүнд загнаж зандрах нь тэдний урам зоригийг маш ихээр хугалдаг. Тэгсээр байвал тэр таныг гэртээ харьж ирэхээс чинь айдаг болно шүү дээ.
Нэгэн ээж хүүхдүүдээ урамшуулахын тулд “Магт ба энхрийл” гэх аргыг хэрэглэдэг. Өдөр бүр тэр ээж хүүхэд тус бүрээ сайн зөв зүйл хийснийх нь төлөө магтаж, талархахыг хичээдэг. Магтахын зэрэгцээ тэдэнд хайртайгаа илэрхийлэх бие махбодын ямар нэг үйлдэл хийдэг. Жишээлбэл, тэднийгээ тэвэрч, эсвэл ямар нэг байдлаар биед нь хүрч энхрийлдэг юм.
Элч Паул бичихдээ “Ах дүү нар аа,  ... хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна” гэв. (1 Тесалоник 5:14) Хүүхдүүдтэй ажиллаж, тэднийг хүмүүжүүлж байхад цээжилбэл зохих сайхан эшлэл байгаа биз. Энд зоригжуул, тусал, бас тэвчээртэй ханд гэжээ. Учир нь зөвхөн насанд хүрэгчдэд урамшуулал хэрэгтэй юм биш. Хүүхдүүдэд ч гэсэн урам зориг хэрэгтэй.


АХ ДҮҮ НАР АА, ХУЛЧГАРУУДЫГ ЗОРИГЖУУЛЖ, ДОРОЙД НЬ ТУСАЛЖ, БҮГДЭД ТЭВЧЭЭРТЭЙ ХАНД