ТЭНГЭРТ ГЭРЛЭЛТ БАЙХГҮЙ ЮУ?

ТЭНГЭРТ ГЭРЛЭЛТ БАЙХГҮЙ ЮУ?

Нэг өдөр хэсэг эрчүүд Есүс рүү ирж, нэг асуулт асуужээ. Тэд ийм нэг юмыг мэдэхийг хүсжээ. Хэрэв эмэгтэй хүн гэр бүл болоод, суусан нөхөр нь түрүүлж нас барж, эмэгтэй дахин гэрлээд дараагийн нөхөр нь ч бас өөд болж, тийм байдлаар тэр долоон удаа гэрлээд, дараа нь тэр эмэгтэй өөрөө нас эцэслэсэн бол яах вэ? “Амилалд тэр эмэгтэй мөнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ?” гэж тэд асуужээ.
Бидний дундаас сайхан гэрлэлтээр ерөөгдсөн хүмүүс бий. Түрүүний асуултад Есүсийн хариулсан хариултыг уншаад бид заримдаа хямардаг. Учир нь Есүс хариу айлдахдаа “Амилалд тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм” гэжээ. (Матай 22:30)
Ер нь миний ойлгосноор, хүмүүс амилалтын дараа цаашид гэрлэхээ болино гэсэн утгаар Есүс ярьсан. Гэхдээ Тэнгэрт очоод би нөхөртэйгөө сэтгэл дотно байхаа болино гэсэн үг үү? Бурхан дэлхий дээрх хамгийн дотно харилцаа болох гэрлэлтийг Өөрийнхөө Чуулгантай харилцах харилцааны дүр зураг болгохоор сонгосон. Чуулган гэдэг нь итгэгч бид бүгд. Тэгэхээр Бурхан Тэнгэрийн улсад зүгээр л хоромхон зуур бүхий л дотно харьцааг үгүй болгоно гэж би бодохгүй байна.
Би нэг зүйлийг гайхдаг. Тэнгэрт бид хүн нэг бүртэй дотно харилцаатай, яг л дэлхий дээрх хамгийн сайхан гэрлэлтийн доторх харьцаа шиг тийм байх юм болов уу? Энэ дэлхийд бид нэг нэгэнтэйгээ болон Эзэнтэй ойр дотно харьцаатай байхыг сайн ойлгож чадаагүй тул Есүс үүнийг нарийн нягт тайлбарлаагүй байж магадгүй. Мөн түүнчлэн, энэ амьдралдаа гэрлэлт нь муудаж бүтэлгүйтсэн, эсвэл олон удаа гэрлэсэн хүмүүст урам зориг өгөх гэж Тэнгэрийн улсад байдал ийм байхгүй гэж Есүс айлдсан байх.
Энэ асуулт надад эхийн хэвлий дэх ихэр хүүхдийг сануулж байна. Тэр хоёр эхийнхээ хэвлийгээс гармааргүй байгаагаа хоорондоо ярьсаар байжээ. Дандаа халуун дулаан, гэдэс нь цатгалан, бас ээжтэйгээ ойрхон байх хэвлийн тав тухаас тэд салахыг хүсэхгүй байлаа. Мэдээж, тэр хоёр дэлхийд мэндэлснээр өөрсдийг нь ямар гайхамшигт ертөнц хүлээж буйг огт төсөөлөөгүй байж.
Бид энэ амьдралыг орхиод тэнгэрт очих тухай бодохдоо бас л ийм зүйл мэдэрдэг. Бурхан бидэнд илүү нарийн зүйлийг нээж өгөхгүй байгаа нь бид яг л төрөөгүй нялхсын адил зүгээр л ойлгохгүйд бүх учир оршдог байх. Гэхдээ бүхий л мөнх хугацааны турш Түүнтэй хамт амьдрах нь бидний төсөөлж байсан аливаа зүйлээс илүү гайхамшигтай байна! Үүнд би бат итгэдэг.


МӨНХИЙН ЦАГ ХУГАЦАА БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА...