ИВЭЭЛ ЕРӨӨЛ ГЭЖ ЮУ БИЛЭЭ?

ИВЭЭЛ ЕРӨӨЛ ГЭЖ ЮУ БИЛЭЭ?

Зохиолч, сэтгэл зүйч Ларри Крэебб эмнэлэгт өнгөрүүлсэн нэгэн өдрөө ярьж өгчээ. Тэр өдөр эмчлэгч эмч ходоодны хажуухан талаас нь теннисийн бөмбөгийн хэмжээтэй ургац олсныг түүнд хэлж. Бүх эмч тэр ургацыг хортой хавдар мөн гэдэгт бараг л эргэлзэхгүй байна гэв.
Тэр орой бүгд тарсны дараа Ларри орноосоо босоод цонхоор шагайв. Эмнэлгийн харалдаа Старбакс кофены газар байхыг олж харжээ. Тэгээд тэнд Христитгэгч гэрлэсэн хос гэртээ харихаасаа өмнө шөнийн кофеингүй латте шимж, лемонтой бялуу хувааж идэж хамтдаа тав тухтайхан сууж байгаагаар төсөөлөв. Дараа өглөө нь тэр хоёр сүмдээ явахаар хамт босохыг ч төсөөлөв. Тэгэхэд тэр “Тэдний өмнө бялхам дүүрэн амьдрал зурайж байна. Тэгэхэд би хорт хавдартай болчихсон. Шударга биш байна” гэж бодож сууснаа санадаг.
Тэр орой Бурхан түүний зүрх сэтгэлд үгээ хэлжээ. Бурханыг хүсэн хүлээхээ үнэхээр умартсан тухай Тэр түүнд сануулжээ. Ларри ярихдаа: “Би эрүүл байх, сайхан он цагийг туулж өнгөрүүлэх хүсэлтэй байснаа л санаж байна. Гэтэл тэр шөнө нүдийг минь халхалж байсан хальс мэт зүйл унах шиг болсон. Тэгэхэд би аливаа юм, аливаа хүнээс илүүгээр, бүхий л бодгалиараа Бурханыг хүссэнээ ухаарчээ... Тэр шөнө би Бурханы оршихуйг амсаж мэдэрсэн. Би үүнээс өөр илүү дутуу юү хүсэж болох байсан гэж?” гэлээ.
Бид өөрсдийгөө бүх зүйл сайн сайхан байхад Бурхантай илүү ойр дотно алхдаг гэж боддог. Амьдрал дундуур гулгах мэт зөөлөн тайван хөвөхийг бид Бурханы ивээл ерөөлийн тэмдэг гэж үздэг. Мэдээж Бурханы аливаа ивээл ерөөлд талархаж байна л даа. Гэвч Түүний ивээл ерөөл гэж чухам юу юм бэ? Эрүүл чийрэг бие үү? Сайн сайхан амьдрал уу? Хүссэн зүйлсээ авахад хангалттай мөнгөтэй байх уу? Ларри Крэеббын ухаарсан шиг хамгийн агуу ивээл ерөөл бол Бурханыг таньж мэдэх гэдгийг бид харахгүй өнгөрчихдөг мэт санагддаг. Ларри хэлэхдээ “Бидний даван туулдаг аливаа хүнд хэцүү зүйл Бурханыг хүсэх хүсэлтэй маань биднийг эргэн учруулдаг. Аливаа сорилт шалгалт тэрхүү хүслийг маань бэхжүүлж өгдөг. Ингэсээр байгаад энэ хүсэл бидний амьдралын бүхнээс илүү дээгүүрт байх тэмүүлэл болдог. Тэгээд л Бурхантай уулздаг. Энэ бол бидний сэтгэлийн хамгийн гүнд буй баяр хөөрийн эх ундарга, амьд явахын жинхэнэ утга учир билээ” гэв.


ЕСҮС “ЦОРЫН ГАНЦ ҮНЭН БУРХАН ТАНЫГ БОЛОН ТАНЫ ИЛГЭЭСЭН ЕСҮС ХРИСТИЙГ МЭДЭХ НЬ МӨНХИЙН АМЬ МӨН” ГЭЖ АЙЛДСАН. (ИОХАН 17:3) ЭНЭ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН АГУУ ИВЭЭЛ ЕРӨӨЛ БИЛЭЭ.