БУРХАНЫ АМАР ТАЙВАН ЗАХИРАГ – ТАЛАРХАГТҮН

БУРХАНЫ АМАР ТАЙВАН ЗАХИРАГ – ТАЛАРХАГТҮН

Миний ач зээ нарын хоёр нь зургаа, естэй байхдаа нэг нэгэндээ үнэхээр уурласан юм. Яг ямар асуудлаас болж тэгснийг би одоо санахгүй ч тэр хоёр бие бие рүүгээ уур уцаартай үгсийг чулуудаж байсныг нь тод санаж байна. Эцэст нь би дундуур нь орохоос аргагүй боллоо. “Карсон оо, миний хүү, чи Раяны юунд баярлаж явдгаа надад хэлээч. Ядаж нэг зүйлд нь баярлаж байгаа биз дээ” гэж би асуув. Тэр нэлээд удаан бодож байснаа эцэст нь “Юу л даа, тэр надад ролик унахад тусалдагт баярладаг” гэж зөвшөөрөнгүй аястай хэлжээ. “Тэгвэл, Раян миний хүү, чиний хувьд ямар вэ? Чи Карсоны ямар нэг юмд баярладаггүй гэж үү?” гэлээ. Үнэндээ, Раян тухайн үед ямар нэг зүйл бодож олсон үгүйг би санахгүй байна. Ямар ч байсан, тэр хоёр маргалдаж хэрэлдэхээ больсон. Тэгээд тэр өдөр би нэг нээлт хийсэн юм. Та хэн нэгний ядаж нэг зүйлд баярлаж байгаа тухай бодвол тэр хүнд уурласан ч удаан уурлаж чаддаггүй юм байна.
Элч Паул энэ тухай мэддэг байсан болоод Колоссай хотынхонд хандаж “Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун” гэж бичжээ. (Колоссай 3:15)
Уур уцаар болон талархал хоорондоо бараг үл зохицно. Та хэн нэгэнд уурласан хэрнээ тэр хүнд нэгэн зэрэг талархалтай байх боломжгүй. Паул хэлэхдээ “Христийн амар тайван ... захираг ... Талархагтун” гэжээ. Өөрөөр хэлбэл, “Христийн амар тайван та нарын хэрүүл маргааныг таслагч байг” гэж хэлж буй хэрэг. Библийн судлаач эрдэмтэн Жей. Би. Лайтфуут ингэж бичжээ. “Зөрчил маргаан байгаа газарт ... Христийн амар тайван тэр зөрчлийн дундуур орж, аль тал дийлэхийг шийдвэрлэх учиртай.”
Бид амар тайвны тухай бодохдоо төгс дөлгөөн нуур мэт зүйлийг төсөөлдөг. Гэтэл Жи. Кемпбэл Морган энэ тухай ингэж хэлсэн. Амар тайвныг илтгэсэн Библийн үг бол “Ямар нэг хөдөлгөөн үгүй, төгс нам гүм байдал биш ... Энэ бол хэрүүл зөрчлийн төгсгөл юм” гэв. Энэ бол зөрчил маргаан намжих үед бий болдог ерөөлт тайвшрал юм.
Яг одоо та хэн нэгэнд уурласан байж магадгүй. Тэгвэл та тэр хүний ядаж нэг зүйлд баярладаггүй гэж үү? Магадгүй та нэлээд удаан бодсоны эцэст баярлаж талархах зүйл олох байх. Гэхдээ тийм зүйлийг нэгэнт бодож олбол тэр хүнд уурласан уур чинь намжиж эхэлнэ. Та туршаад нэг үз дээ!


ТАЛАРХАГТУН!