ЖИЛИЙН ДОТОР ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ!

ЖИЛИЙН ДОТОР ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ!

Алгасал гэдэг баярын үеэр элч Петр шоронд гинжлүүлж хуягаар мануулчихсан хоёр цэргийн голд унтаж байлаа. Энэ жил Алгасал баярыг тэмдэглэх нь юу л бол доо!
Гэтэл яг нэг жилийн өмнөх Алгасал баярыг Петр хаана тэмдэглэж байсныг мэдэх үү? Есүстэй хамт, Сүүлийн зоог дээр байжээ. Тэгэхэд Есүс шавь нартайгаа хэзээ ч мартагдашгүй зоогийг барьж, нэгэн оройг өнгөрүүлж билээ. Харин одоо шоронд Петр дурсан суухаас өөр юу хийж чадах билээ дээ!
Петр бөөн бодол болсон сууж байсан байх. Жилийн өмнөх энэ орой Есүс түүний хөлийг хэрхэн угааж өгснийг дурссан байх. Христээс урваснаас үхсэн нь илүү дээр гэж хэлж байснаа ч дурссан байлгүй. Тэгтэл Түүнийг огт танихгүй гээд гурвантаа үгүйсгэснээ Петр дурсаад өөрөөсөө үнэхээр ичиж, дараа нь гашуунаар уйлсан байх.
Тэрний дараа загалмайн үхэл, тэгээд Есүсийн цогцсыг булшинд хийжээ. Гэтэл Алгасал баярын өдөр болов! Үхлээс амилсны өдөр! Булш хоосон байхыг Петр өөрийн нүдээр харсан. Тэгтэл Есүс шавь нартаагаа, тэр дотор Петртэй уулзсан сэтгэл хөдлөм цаг мөч болжээ. Дараа нь тэр Галил нуурын эрэг дээр Аврагчтайгаа өглөөний унд ууж, Есүс түүнд “Намайг дага” гэж хэлж байж билээ. (Иохан 21-р бүлэг)
Энэ удаад Петр шүүхээр орох гэж байлаа. (Үйлс 12:4) Удахгүй Эзэнтэйгээ адил хувь заяаг амсаж магадгүй байв. Харин эдүгээ шоронгийн өрөөнд ялын тогтоолоо хүлээж суухдаа Петр дуулгавартайгаар дагасан гэдгээ мэдээд, амь өршөөгдсөн ч бай, ял сонсоод цаазлуулсан ч бай амь амьдралаа Бурханы мутарт атгуулснаа ухааран амар тайвнаар дүүрэн байсан. Ингээд тэр шоронд байгаа мөртлөө тайван гээчийн унтав.
Хожим, гайхамшгаар суллагдсаныхаа дараа тэр ингэж бичжээ. “Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг.” (1 Петр 1:6) “Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх.” (1 Петр 4:12) Мөн “Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая.” (1 Петр 5:7)
Бид ч гэсэн “Намайг дага” гэж Есүсийн айлдсан тушаалыг дагах болтугай. Тэгээд хожмын өдрүүд болон он жилүүдэд бидний бүхий л хэрэгцээг маань хангахаар Түүнд бид итгэн найдах болтугай.


БИДНИЙ БҮХИЙ Л ХЭРЭГЦЭЭГ ХАНГАДАГ ЭЗЭН АЛДАРШИХ БОЛТУГАЙ!