АВХАЙ НАР (АЛИВ, ХҮҮХНҮҮД ЭЭ, АМЬ ОРООРОЙ)

АВХАЙ НАР (АЛИВ, ХҮҮХНҮҮД ЭЭ, АМЬ ОРООРОЙ)

Тэр өдөр тавин эмэгтэй өдрийн хоолны цагаар цуглажээ. Бүгд нэг нийтлэг онцлогтой, адилхан зүйлийг туулсан. Нэгэн өглөө сэрэхэд бэлэвсэн эмэгтэй болсноо, амьдралынхаа дараагийн улиралд орсон байгаагаа энэ эмэгтэйчүүд бүгд ухаарч байсан.
Харин гэрлээд аз жаргалтай амьдарч буй над шиг эмэгтэйчүүд амьдралын энэ үе шатын талаар бодохыг ч хүсдэггүй. Тэгтэл дэлхийн хүн амын 75 ба түүнээс дээш настнуудын дөрөвний гурав нь эмэгтэйчүүд гэдгийг баримт судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд бидний олонх нь хань нөхрөө алдаж, түүнгүйгээр амьдрах ямар байдгийг амсах болно гэсэн үг.
Харин энэ эмэгтэйчүүдийг хараад би сэтгэлээр унах биш, тэднээс урам зориг авсан. Тэд өөрсдийгөө АВХАЙ нар гэж нэрлэдэг нь “Алив, Хүүхнүүд ээ, Амь ороорой” гэсэн уриа үгийн товчлол юм. Тэд авьяас бэлэг, цаг зав болон нөөц бололцоогоо ашиглан бусдыг ивээж урамшуулдгийг би өөрөө харсан. Зарим нь залбирлын үйлчлэлтэй. Зарим нь ахмад настай эцэг эх хүмүүст үйлчилдэг. Олонх нь эрх мэдэл, үр нөлөөгөөрөө ач зээ нараа зөв замаар хүмүүжүүлдэг. Тэд бүгд эрхэм нандин дурсамж тээн амьдарч байна. Уй гашууг зүгээр нэг “даван туулах” төдий биш, харин амьдралаа утга учиртайгаар үргэлжлүүлэн явж байна.
Дий Грийн эгч бол яг тийм хүмүүсийн нэг. Олон жилийн турш тэр хань Паулынхаа хажууд үйлчилж ирсэн. Тэгтэл нөхөр нь гэнэтхэн Эзэнтэй уулзахаар явжээ. Эхлээд Дий эгч амьд явахыг ч хүсэхгүй байлаа. Гэтэл Бурхан түүний зүрх сэтгэлд үгээ хэлж, өөрөөр нь хийлгэх ажлын төлөвлөгөө байгааг Бурхан түүнд сануулсан.
Миний нэг найз эмэгтэй нөхрөө алдахад би хэчнээн ч удаа Дийг дуудаж, найздаа туслуулсан билээ дээ. “Дий эгч ээ, та найзтай минь өдөр хамт хооллож, ярилцаад өгөөч.” гэж би түүнээс гуйдагсан. Тэгэхэд Дий эгч үргэлж эелдгээр таатай хариу өгнө. Дий эгч баярлаж буй хүмүүстэй хамт баярлаж, уйлж буй хүмүүсийн хамт уйлж чаддаг. Элч Паулын Бурханыг “өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг” (2 Коринт 1:3-4) гэж дүрслэн бичжээ. Дий эгч Түүнийг өөрөө маш сайн мэддэг. Дий эгч ээ, таны тусламж хэрэгтэй хүмүүст үргэлж гараа сунгадаг тандаа баярлалаа. Та бидэнд урам зориг болдог шүү!


АЛИВ, ХҮҮХНҮҮД ЭЭ, АМЬ ОРООРОЙ!