ХҮРЭЛТИЙН ХҮЧ

ХҮРЭЛТИЙН ХҮЧ

Илгээлтийн эзэн, эмч Паул Бренд уяман өвчнийг зогсоох тал дээр нээлтүүд хийсэн гэдгээр олноо танигдсан юм. Уяман гэдэг нь аймшигтай өвчин. Түүний эмчилгээ сүүлийн жилүүдэд л бий болсон. Харин тэрнээс өмнө энэ өвчнөөр маш олон хүн, ялангуяа дэлхийн ядуу зүдүү улс орны оршин суугчид эрэмдэг зэрэмдэг болж байжээ. Үнэн хэрэгтээ уяман бол халдварладаггүй өвчин. Гэвч хүмүүс тэрнийг нь мэддэггүй. Халдвар авахаас айж эмээхдээ тэд уямантай хүмүүсийг нийгмээс тусгаарлаж, тэдэнд хэн ч гар хүрэхгүйг баталгаажуулан алс газарт амьдруулдаг.
Бренд эмч ийм нэгэн явдлын тухай өгүүлжээ. Нэг удаа тэр Энэтхэг улсад нэг эрэгтэйд үзлэг хийж, гарыг нь шинжиж байжээ. Эмч түүнд уяман өвчний үйл явцыг саатуулах боломжтой тухай тайлбарлах гэж хичээж байв. Гарын зарим хөдөлгөөнийг магадгүй сэргээх боломжтой, харин түүний нүүрний гажгийг яасан ч засаж чадахгүй болсныг ярьж байлаа. Бренд эмч тэр хүнтэй хэсэг зуур хөгжилтэй юм ярьж, түүний мөрөн дээр гараа тавьжээ. Эмч түүн рүү нүдээрээ ирмэн “Таны нүүр тийм ч муухай болоогүй байна. Хэрэв та эм тангаа сайн уувал таны нүүр үүнээс муухай болохгүй. Үнэндээ эрэгтэйчүүд бид нүүр царайндаа тийм ч их санаа зовох шаардлагагүй. Харин эмэгтэй хүмүүс нүүрэн дээрх хонхорхой, үрчлээ бүрт аймаар санаа зовдог” гэж хэлжээ. Өнөөх эр өөдөөс нь инээмсэглэнэ гэж бодож байсан боловч тэр намдуу дуугаар чичрэн уйлж эхэлж гэнэ.
Бренд эмч туслахаасаа “Би ямар нэг буруу юм ярьчхав уу?” гэж Англиар асуухад сувилагч түүнд “Үгүй дээ, эмч ээ. Энэ хүн таныг мөрөн дээр нь гараа тавилаа гээд уйлж байна гэнэ. Энд ирэхээс өмнө түүнд хэн ч гар хүрэлгүй нэлээд олон жил өнгөрсөн гэж байна” гэж хариулсан юм.
Хүнд гараа хүргэхийн хүч ийм агуу билээ. Тэргэнцэртэй тахир дутуу хүмүүст ямар юм хамгийн хэцүү санагддаг гээч? Тэднийг гадуур явж байхад бусад хүн тэргэнцэрт нь хүрэхгүй гээд замаас холддог нь тэдэнд хамгийн хэцүү санагддаг. Энэ тухай надад тахир дутуу хэд хэдэн хүн ярьжээ. Гэтэл тэд хүн өөрт нь гараа хүргэхийн мөрөөсөл болчихсон байдаг.
Есүс янз бүрийн хүмүүст, тэр дотор хараагүй, тахир дутуу, мөн мэдээж уямантай хүмүүст гараа хүргэж байсан. Биднийг “мөрөөрөө дагуулахын тулд” (1 Петр 2:21) Есүс бидэнд энэ үлгэр жишээг өгчээ.
Биднийг өөрт нь гараа хүргээсэй гэж хэн нэгэн хүн үнэхээр мөрөөсөл болсныг бид заримдаа ухаараагүй, анзаараагүй явдаг. Мэдээж, зөв зохистой байдлаар буюу зөв аргаар зөв цагт зөв хүнд гар хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл та өнөөдөр нэг зүйлийг эргэн тойрноосоо анзаарч хараарай.


ТАНЫГ ӨӨРТ НЬ ГАРАА ХҮРГЭЖ УРАМШУУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БУЙ ХЭН НЭГЭН ХҮН БАЙГАА ЭСЭХИЙГ ТА ОЛЖ ХАРААРАЙ.