АМЬД ТАХИЛ

Нэг өдөр надад хийх зүйл нэлээд их бөөгнөрөөд нэлээд дарамттай байлаа. Гэхдээ би хийх зүйл бүрээ амжуулах гэж чадлаараа мэрийж, ахиц дэвшилтэй хийж дуусгаж байлаа. Тэгтэл нөхөр маань орж ирснээ өөрт нь нэг тус хүргэх цаг зав надад байгаа болов уу гэж асуусан юм. Миний дотор нэг юм дэлбэрэх шиг болоод, би оюун бодолдоо түүний өөдөөс маш хурц өнгө аясаар “Үгүй” гэж хариулсан. Бодолдоо тэгсэн болохоор миний хариултыг тэр сонсож чадахгүй нь ойлгомжтой. Үнэндээ ч миний царайн хувирлыг хараад л өөрийнх нь хийлгэхийг хүссэн зүйлийг хийж өгөх дургүй байгааг минь тэр төвөггүй ойлгосон гэж би боддог.
Түүний гуйлт ямар нэг утгагүй, аар саар зүйл байгаагүй. Тэгээд ч тэр надаас маш эелдгээр гуйсан. Би энэ талаар гялс нэг бодож үзсэнээ тэр тусыг түүнд хүргэх нь логикийн хувьд зөв гэж шийджээ. Тэгээд ч тэр надаас зав муутай, би харин цаг зав арай дээр байлаа. Тийм учраас би “За тэгье” гээд машинаа асаахаар явав. Гэвч надад саад болсонд нь дотроо бухимдуу хэвээрээ л байв.
Жолоочийн суудалд суугаад машинаа асааж байх зуураа сурсан зангаар радиогоо асаалаа. Тэр даруйд хэн нэгэн хөтлөгчийн “Та өөрийн биеэ Эзэнд ариун тахил болгон өргөсөн үү?” гэж асуухыг сонслоо. Тэгээд “За Эзэн, Таны хэлсэн үгийг тов тодорхой сонсож авлаа” гэж бодлоо.
Ром номын 12-р бүлэгт Паул “Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн” гэж хэлжээ. Тийм ээ, энэ шийдвэрийг би хэдийнээ гаргасан л даа. Гэхдээ энэ шийдвэрийг сүм чуулган юм уу залуучуудын зуслан дээр гоёмсог орчинтой, лаа асаасан цуглаан дээр гаргах бол нэг хэрэг. Харин гаргасан тэр шийдвэрээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг нь тэс ондоо зүйл шүү. Яг тэр мөчид, тэр газар Эзэн бид хоёрт шийдвэрлэх нэг асуудал байжээ. Би туслахад бэлэн биш байснаа Эзэнд гэмшиж, Түүнээс уучлал гуйв. Тэгснийхээ дараа л бухимдахгүй сэтгэлээр нөхөртөө тус хүргэхээр явлаа. Танд ч гэсэн Эзэнд амьдралаа амьд тахил болгон өргөх үе тохиолдож байсан байх. Гэхдээ та яг надтай адил Бурхантай харилцах харилцаагаа шинэчлэх шаардлагатай тулгарсан байж магадгүй. Тэгвэл яг энэ мөчид тийм хэрэгцээ танд байна уу? Бурхан таныг дуртайяа сонсоно гэдгийг би баттай хэлж чадна.


ӨӨРИЙН БИЕЭ БУРХАНД АМЬД ТАХИЛ БОЛГОН ӨРГӨНӨ ГЭДЭГ ТАНЫ ХУВЬД ЮУ ВЭ?