ДОКТОР НАДИА

ДОКТОР НАДИА

Заримдаа бид өөрсдөд маань онцгой урам зоригийг хайрлах хэн нэгэнтэй учирдаг. Миний хувьд, Надиа Панченко бол яг л тийм хүмүүсийн нэг.
Надиа бол биологийн ухааны доктор, Украины Анагаах ухаан-Экологийн Төвийн захирал хүн байсан. Тэдний төв нь Чернобыльд болж тохиолдсон цөмийн гамшгийн уршгаар хүмүүсийн бие, эрүүл мэнд яаж өвчилж доройтсоныг судалдаг билээ. Тэнд гамшиг болсны дараахан Др. Надиа хохирогч хүмүүст туслахаар тийшээ явсан хүмүүсийн тэргүүн эгнээнд орсон. Тэр өөрийн бие эрүүл мэндээ хүртэл умартан тэнд хийж байсан ажил үүргээ зогсоогоогүй. Үүнээс болж өндөр тунгийн цацраг идэвх туяанд өртөж, улмаар өөрөө хорт хавдар тусаад нас нь богиноссон.
Дараа дараагийн жилүүдэд Др. Надиа Киевийн нэгэн эмнэлэгт цөмийн гамшигт өртсөн газруудаас шилжиж ирсэн өвчтөнүүдэд эмчилгээ хийж байжээ. Тэр хүмүүс эмчилгээний зардалд өгөх ямар ч хөрөнгө мөнгөгүй үлдсэн тул Надиа тэдэнд үнэгүй үйлчилдэг байжээ. Ялангуяа өвчилсөн хүүхдүүдийг хараад түүний зүрх сэтгэл эмтэрч байлаа. Учир нь тэдний эрүүл мэндийнх асуудлууд улам нэмэгдэж тэд насан туршдаа зовохыг мэдэж байв.
Надиа шинжлэх ухааны 90 гаруй нийтлэл бичиж, хүний цустай холбоотой 10 шинэлэг нээлт хийж патентжуулсан. Хүний цусны ганцхан дуслыг ашиглан өвчин эмгэгийг оношилж болдог шинэ чиглэлийг тэр боловсруулсан гавьяатан юм. Тэр ямар нэг алдар, байр суурийг эрэлхийлэх сонголтоо хийсэн бол дэлхийд танигдсан хүн болох байлаа. Гэвч тэгээгүй. Харин өөрийнх нь тусламж хамгийн хэрэгтэй хүмүүсийн дэргэд үлдэж ажилласан.
Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад төрж өссөн Др. Надиа зөвхөн л атеист буюу бурхангүй үзэлт эволюцын онолыг анх сурчээ. Гэтэл цусны эсүүдийг судалж эхэлснээр тэдгээр эс доторх үйл явц ямар нарийн нямбай, эмх цэгцтэй, хоорондын өндөр хамааралтайг хараад үнэхээр гайхшрах болов. Тэр ярихдаа “Цусны эсүүд надад Бурханы тухай гэрчилсэн юм” гэжээ. Энэ нь эцсийн эцэст түүнийг Христэд итгэхэд хүргэсэн юм.
Доктор Надиа элч Паулын үгтэй санал нэгдэн “Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, ... аврах Бурханы хүч мөн... Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, ... бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа ...” гэж хэлж чадах байсан. (Ром 1:16, 20)
Бурхан Өөрийгөө доктор Надиад илчилсэн. Зүрх сэтгэлдээ итгэлийг тээх болсон тэр тусламж үнэхээр туйлын шаардлагатай хүмүүст гараа сунгажээ. Тийм ээ, доктор Надиа, таны амьдрал бидэнд үнэхээр урам зориг хайрласан шүү!


ТА Ч БАС ХЭН НЭГЭНД УРАМ ЗОРИГ ХАЙРЛАСАН ТИЙМ НЭГ БОЛООРОЙ. ЯГ Л НАДИА ШИГ.