БУРХАНЫ ГҮЙЦЭТГЭХ ДОТООД ЗАСАЛ

БУРХАНЫ ГҮЙЦЭТГЭХ ДОТООД ЗАСАЛ

Библид гэр орноо засаж чимэглэх тухай өгүүлдгийг та мэдэх үү? Сургаалт үгс номыг бичсэн хүн ингэж хэлжээ. “Мэргэн ухаанаар гэр орон сүндэрлэж, бодрол ухаанаар тэр чухамдаа тогтдог. Мэдлэг нь өрөөнүүдийг чинь тааламжит үнэт баялгаар дүүргэнэ.” (Сургаалт үгс 24:3-4)
Түүний өгүүлж буй үнэт баялаг гэдэг нь түүхэн орд харшаас олдсон эртний ховор эд өлгийн зүйлс биш. Мөн телевизээр гардаг хүмүүсийн гэр орон засдаг нэвтрүүлгийн гял цал, донж маяг ч биш. Тэдгээр нь Христитгэлийн үнэт зүйлс гэдэг баялаг юм. Та үр хүүхдүүддээ өвлүүлэхийг хүсэх ёс суртахууны хэм хэмжүүр юм. Христитгэлийн үнэт зүйлс болох гоё сайхан баялаг нь таны эзэмшиж болох ямар ч эртний эдлэлээс хамаагүй их үнэ цэнтэй шүү.
Тэгвэл яаж гэр орноо Христитгэлийн үнэт зүйлсээр баттай дүүргэх вэ? Бидэнд Бурханы “Тэнгэрлэг Дизайн” хэрэгтэй. Юу гэвэл, эцэг эх бүр хүүхдүүддээ ямар нэг, сөрөг юм уу эерэг үнэт зүйлсийн тогтолцоог өвлүүлж өгдөг. Харин бид үрсдээ Библийн үнэт зүйлсийн тогтолцоог зааж өгөхийг хүснэ. Тэгэхийн тулд бидэнд төлөвлөгөө хэрэгтэй. 
Тэр төлөвлөгөө нь хоёр элементтэй байх учиртай. Нэгдүгээрт, та хань ижилтэйгээ зөвшилцөөд чухал гэж үзсэн үнэт зүйлсийн жагсаалтыг хар дээр цагаанаар бичиж хэвлэх ёстой. Мөн хоёрдугаарт, та тэдгээр үнэт зүйлийг хүүхдүүддээ өвлүүлэх арга замыг олох хэрэгтэй. Би танд хэд хэдэн арга зам санал болгоё.
Нэгдүгээр арга зам бол сүм чуулганд хамрагдах. Гэхдээ бүх хариуцлагыг сүм чуулганд тохоох хэрэггүй. Библийг гэр орондоо заагаарай. Ялангуяа Библийн хэсгүүдийг цээжлэхийг онцлох шаардлагатай. Гэр бүлээрээ залбирах нь бас чухал. Түүнчлэн, хүүхдүүддээ Христитгэлийн материалуудыг боломжоор хэрэглүүлэхийг хичээгээрэй. Тэр дотор, Христитгэлийн ном, CD болон DVD, мөн зөв сайхан хөгжим орно. Энэ бол хүүхдүүдэд чинь тус болох хэрэгслүүд юм. Үүний дараа, хүүхдүүддээ Христитгэлт найз нөхдийн халамж түшгийг бий болго. Шаардлагатай бол бусад хорооллоос хүүхдүүдийг авчирч тэдэнтэй хамт тоглуулж, цаг өнгөрүүлэх боломжийг бүрдүүл.
Таны гэр орон дэлхий дээрх хамгийн халуун дулаан уур амьсгалтай, хамгийн баяр хөөртэй, хайраар хамгаас дүүрэн газар болох учиртай шүү. Энэ бол Бурханы танд өгсөн эрхэм нандин хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх үүр адил юм. 


УЧИР НЬ ЕСҮС ТАНАЙ ГЭРТ БИЙ.