ДУРААРАА АВИРЛАЖ ЭХЛЭХИЙН ЦАГТ

ДУРААРАА АВИРЛАЖ ЭХЛЭХИЙН ЦАГТ

Миний охин арван тавтай байсан шиг санагдаж байна. Нэг өдөр бид хоёр буйдан дээрээ суучихсан юм ярьж байлаа. Тэгтэл охин маань эрсхэн “Ээж ээ, та намайг юу хүссэнээ хийхийг минь хорьж чадахгүй шүү” гэж хэлсэн юм. Тэгэхэд би дотроо цухалдсан ч тайвнаар “Би мэднэ. Чиний зөв шүү” гэж охиндоо хариулсан. Тэгэхэд охин минь өөртэй нь санал нэгдэж буйд жаахан гайхсан байдалтай над руу харж билээ. Гэхдээ миний тэгж зөвшөөрсөн нь түүнд илүү хариуцлагатай хүн болоход нь тусалсан юм.
Өсвөр настайд нь та хүүхдээ өрөөнд нь түгжээд, цоожтой хаалганы цаана байлгаад байж чадахгүй. Та тэгэхийг хүсэх ч үгүй байх. Өсвөр насандаа таны хүүхэд гэр орондоо амьдарч байх зуураа далавчаа дэлгэж үзэх шаардлагатай байдаг. Гэхдээ боломжтой бол зөв зүгт чиглэн нисэж үзэх хэрэгтэй. Харин та тэднийг өндрөөс унаж осолдвол түшин босгох, хагарч бутарсныг нь цуглуулах үүрэгтэй.
Өсвөр насны хүүхдүүдийг сонсох нь маш чухал зэвсэг. Бид үглэж байхдаа хамгийн их үр дүнг гаргадаг гэж өөрсдийгөө боддог. Гэтэл ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсох нь тэдний оюун бодол дахь зүйлсийг илүү сайн харахад тусалдаг. Мэдээж та тэднийг сонсож цагийг өдрийн хуваарьтаа оруулна гэж байхгүй л дээ. Учир нь өсвөр насныхан голдуу хамгийн тохиромжгүй цагт чинь өөрсдийгөө нээж тантай харилцдаг. Гэхдээ та тэднийг сонсож байсандаа нэг л өдөр баярлах болно.
Үр хүүхдүүд чинь бага балчир байхад та тэднийг аюулгүй байлгах гэж, бас дэргэд нь байгаагаа мэдүүлэх гэж гараас нь атгадаг. Харин өсвөр насанд нь таны үүрэг бол тэдний гарыг Бурханынхтай хөтлүүлэх. Яагаад гэвэл Бурханы мутраас атгуулаад явах нь тэдний хувьд амьдралын хамгийн сайн замнал болно. Бурхан айлдахдаа “Учир нь Би баруун гараас чинь атгах Чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна” хэмээсэн байдаг. (Исаиа 41:13)
Өсвөр насны хүүхдэдээ Бурхан өөрийг нь удирдаж, чиглүүлж, сахилгажуулах болно гэдэгт бат итгэж байгаагаа мэдүүлээрэй. Энэ нь тэдний амьдрал Бурханы хүсэлтэй нийцэхийн тулд гэдгийг ойлгуулаарай. Тэгээд бүхнээс илүүтэй, залбирлын хүчийг битгий дутуу үнэлээрэй.


БУРХАН ТЭДЭНД ТАНААС Ч ИЛҮҮ ИХ ХАЙРТАЙ ГЭДГИЙГ САНААРАЙ.