НАСАНД ХҮРСЭН ХҮҮХДҮҮДЭЭ ХАЛАМЖЛАХ

НАСАНД ХҮРСЭН ХҮҮХДҮҮДЭЭ ХАЛАМЖЛАХ

Хүн нэгэнт эцэг эх болсон л бол насан туршдаа эцэг эх байдаг гэж хэн нэгний хэлсэн үгтэй би санал нэгддэг. Манай хүүхдүүд хүнтэй суугаад, гэр орноо орхиод явахад эцэг эхийн үүрэг маань ингээд дууслаа гэж бид эхлээд бодож байлаа. Гэтэл хүүхдүүд маань насанд хүрэхэд бидний эцэг эхийн үүрэг зүгээр өөр болдог юм байна лээ. Бид тэднийхээ төлөө санхүүгийн хариуцлагыг, мөн хууль ёсны халамжлагчийн үүргийг хүлээхээ больдог нь үнэн л дээ. Гэхдээ хүүхдүүдээсээ бүрэн хагацахыг хүсдэг хүн тийм ч их биш, тэгж салж хагацах ч ёсгүй юм.
Харин эцэг эхийн үүрэг өөрчлөгдөж бид одоо тэдний дотнын анд найз болдог. Та мэдээж хүүхдүүдтэйгээ бодитоор холбоотой байж, тэднийгээ урамшуулан зоригжуулахыг хүснэ биз дээ? Бас та тэдэнд зөвлөгчийн үүргийг олонх үед гүйцэтгэх ч болно. Гэхдээ тэд танаас өөрсдөө эхлээд зөвлөгөө авахыг, танаас асуухыг хүлээх нь илүү зөв. Заримдаа ч тэдэнд үг хэлэхгүй, амаа хамхих нэлээд хэцүү санагдах болно. Зарим үед хэлмээр байсан ч хэлээ хазаад, дуугүй байх үе ч гарна. Гэвч гуйгаагүй байхад нь өгсөн таны зөвлөгөөг тэд голдуу хүсэж хүлээн авахгүй. Тэр нь та нарын хоорондын харилцаанд дэм болохоос илүүтэй үл ойлголцлын ханыг бий болгоно.
Миний хувьд, хоёр асуудлаар үнэхээр санал нэгдэхгүй болж би хүүхдүүддээ ингэж хэлж байжээ. “Би та нарын асуудалд ер нь оролцдоггүйг та нар мэдэж байгаа. Гэхдээ энэ зүйл дээр үнэхээр санал нэгдэхгүй учраас та нартай энэ тухай ярих ёстой гэж бодож байна. Би энэ тухай нэг л удаа ярина. Тэгээд энэ асуудлыг дахин сөхөхгүй байхыг амлаж байна” гэсэн. Тэгээд би санаа зовоосон зүйлээ тэдэнд хэлж байсан юм. Тэгээд тэд миний зөвлөгөөг авсан ч, аваагүй ч би энэ тухай дахин ярихгүй гэсэн амлалтаа биелүүлж байжээ.
Бид олон талбар дээр хариуцлага хүлээхээ больдог учраас зарим юмыг зүгээр л орхиод өнгөрөх шаардлагатай. Жишээлбэл: хүүхдүүдийнхээ мөс чанар байх гэж оролдох шаардлагагүй. Бас тэдний хувийн асуудалд хэтэрхий хошуугаа дүрэхгүй байх. Эсвэл тэднийг санхүүгийн асуудлаас нь хэтэрхий түргэн салгаж, урдуур нь орж юм юмаар хангахгүй байвал сайн. Тэдэнд бас тэнгэрлэг Эцэг, тэднийг тусалж дэмждэг Бурхан байгааг санаарай. Бүхнийг шийдвэрлэх гэж мунгинахынхаа оронд тэдэнд Еврей 4:16 эшлэлийг зааж өгөөрэй. “Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё”