ХҮҮХЭД Л БОЛ ХҮҮХЭД!

ХҮҮХЭД Л БОЛ ХҮҮХЭД!

Манай нөхөр бид хоёр хүүхэд өсгөхүйн сэдвээр сургалт семинар олон хийж, бурханд итгэл үгүй ертөнцөд хэрхэн бурханд итгэгч хүүхдүүдийг өсгөх талаар зарчмуудыг хуваалцан ярьдаг. Эцэг эхүүдэд зааж сургах тэр цагаа бид аль болох амьдрал практиктай хийхийг хичээдэг. Учир нь эдгээр зарчмууд үр дүнтэй болохыг бид амьдралынхаа туршлагаасаа мэднэ.
Гэвч нэмж хэлэхэд, хүүхэд өсгөх хэдхэн энгийн дүрмийг дагахад л шидэт дохиураар дохьсон мэт хүүхдүүд чинь шууд л боловсон, хэрсүү болчихдог гэсэн сэтгэгдлийг амархан төрүүлэх боломжтой. Гэтэл хүүхдийг үр дүнтэйгээр өсгөхөд цаг хугацаа, тууштай байдал шаардагдахаас гадна нэлээд их залбирсны эцэст тэгж чадна гэдгийг ойлгох нь чухал.
Заримдаа эцэг эхүүд сурч ирсэн “төлөвлөгөөгөө” хэсэг зуур итгэмжтэйгээр хэрэгжүүлсэн боловч хүүхдэд нь насанд хүсэн хүн шиг шууд л төлөвшсөн болдоггүйд урам хугардаг. Би туршлагаасаа хуваалцъя. Эцэг эхчүүдийн хүсэн хүлээсэн төлөвшилд хүүхдүүд хүрэхэд заримдаа нэлээд олон жил шаардагддаг юм.
Терри Максвел Titus2.com нэртэй гайхалтай гоё цахим хуудас эрхэлдэг. Тэр хэлэхдээ “Эцсийн эцэст би нэгэн гүн үнэнийг ойлгон мэдлээ. Хүүхэд бол хүүхэд л юм байна! Насанд хүрэгчид шиг төлөвшсөн байдлаар Эзэнд хариу үйлдэл хийх зүрх сэтгэлийн хандлага тэдэнд хараахан бий болоогүй байна. Тэд хэзээ нэгэн цаг өснө. Гэхдээ хүүхэд байхад нь үргэлжилсэн Эзэний оролцоотойгоор илүү сайн төлөвшиж чадна” гэв.
Терри үргэлжлүүлээд “Бүү мартаарай ... Хүүхдийн өсөлт, төлөвшлийн үйл явцыг Тэр [Бурхан] Өөрөө бүтээсэн ... Хүүхдийн зүрх сэтгэлд нэвтрэх бол үргэлжилсэн, өдөр тутмын үйл явц. Бид хүүхдүүддээ Бурханы үнэнийг найрсаг сайхан, сэтгэл булаасан байдлаар (дахин дахин) үргэлжлүүлэн давтаж ярьсаар, жилээс жилд, жилээс жилд ярьсаар байх учиртай” гэв. Зөв шүү, Терри!
Хэрэв та хүүхэд өсгөх явцад гацчихаад байгаа бол Галат 6:9 эшлэлд “Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна” гэж хэлсэн үг танд урам зориг хайрлах болтугай.