АНХААРЛЫГ МИНЬ ТАТАХЫН ТУЛД

АНХААРЛЫГ МИНЬ ТАТАХЫН ТУЛД

Түүнийг Кэрол гэдэг, 81 настай хөгшин. Хараад хамгийн их биширсэн зүйл бол түүний Эзэнтэй харьцах харьцаа байлаа. Өглөө бүр тэр Бурхантай чимээгүй цаг гаргадаг. Библийн аль нэг хэсгийг уншсаны дараа тэр Бурханд хандаж захиа бичдэг. Өөрт нь сайн сайхан ханддаг Эзэнд талархан Түүнээс хэрэгцээ бүрээ гуйдаг. Мөн өөрт нь таалагдаагүй, муухай санагдсан нөхцөл байдлын тухай бичдэг. Тэгээд захиагаа буюу залбирлаа бичиж дуусгаад, бичсэн цаасаа урж хаядаг. Тэгж байж л тухайн өдрийн дараагийн ажилдаа ордог юм.
Кэрол манай “Мэргэн зөвлөмж” радио нэвтрүүлгийн үйлчлэлийн сайн дурын багт ороод бараг 20-иод жил болж байна. Хүнд хэцүү зүйлтэй тулгарах үедээ тэр ихэнхдээ ийм юм ярихыг би сонссон. “Эзэн бол үнэхээр сайн. Шаардлагатай бол Тэр намайг шөнө дөлөөр сэрээж надтай ярьдаг. Тэр надад дэндүү хайртай болохоор өөрийнхөө замаар явах гэхээр намайг болиулдаг. Анхаарлыг минь татахын тулд ямар нэг юмыг надад хийхийг би хүсэхгүй. Тийм учраас надад юу илүү сайн болохыг би урьдаар мэдэхийг хичээж байна. Би Түүний дуу хоолойг сонсож, надад заахыг хүссэн зүйлсийг нь суралцахыг хүсэж байна” гэж Кэрол хэлдэг байлаа.
Ээж маань ч гэсэн Кэролтэй адил юм ярьдаг байж билээ. Ээж минь “Эзэний надад зааж буй сургамжийг би эхний удаагаас л сурмаар байна. Түүний тэр шалгалтыг би ахин дахин өгмөөргүй байна” гэдэг байлаа. Тийм ээ, Кэролын зөв. Бурхан бидний анхаарлыг их сонирхолтой аргаар татдаг. Заримдаа Тэр бидний зүрх сэтгэлд намуун зөөлөн үгээ хэлдэг. Бусад үед биднийг машинаа унаад явж байхад зам дээр хаалт тавьж зогсоодог. Тэр хаалт нь асар том байх учраас бид Түүнээс тусламж авахаас өөр аргагүйд хүрдэг. Бурхан ямар ч арга хэмжээ авлаа бидэнд хайртай учраас тэгдэг юм. Кэрол эгчийн хэлдэг шиг “Бурхан бидэнд дэндүү хайртай учраас биднийг буруу замаар явуулдаггүй.”
Дуулал номын 119-р бүлгийг бичсэн хүн ингэж хэлжээ. “Зовж шаналахынхаа өмнө би буруу зүгт явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.” “Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.” (Дуулал 119:67, 71) Баярлалаа, Кэрол. Энэ үнэнийг амьдралаараа үлгэрлэн харуулсанд танд талархаж байна.