ХЭТЭРХИЙ ГҮН НҮХ ГЭЖ ҮГҮЙ

ХЭТЭРХИЙ ГҮН НҮХ ГЭЖ ҮГҮЙ

Би нэг эмэгтэйгээс захидал хүлээн авсан юм. Тэр өөрийгөө биеэ үнэлэгч, ижил хүйстэн, архинд донтогч, тайчигч, мөрийтэй тоглоомчин гэж бичсэн байлаа. Гэхдээ тэгээд зогсоогүй. Тэр бас хүн амины хэргээр шоронд ороод жил болчихсон гэжээ. Тэр эмэгтэй дөнгөж 24-хөн настай хэр нь хоёрын хоёр хүүхэдтэй байв.
Захидал бичихээс дөрвөн сарын өмнө Есүс түүнийг өөртөө аваад, бүх зүйлийг нь орвонгоор эргүүлж, түүнд шинэ амьдрал, шинэ эхлэлийг өгснийг гэрчлэх гэж над руу бичсэн хэрэг байжээ. Тэр өөрийгөө одоо ингээд өнгөрлөө гэж бодох мөчид Бурхан түүнд хэрэгтэй бүхнийг өгөх боломжийг бий болгосон гэлээ. Тэгээд одоо тэр эмэгтэй “Би Есүс Христийн дотор амьд байгаадаа үнэхээр баяртай байна” гэж бичжээ.
Шоронд буй түүнд Онцгой зорилготой бүтээгдсэн нь (Created for a purpose) гэдэг нэртэй, миний бичсэн номыг хэн нэгэн илгээжээ. Тэр номыг минь уншаад, өөрийнх нь амьдралд зориулсан давтагдашгүй онцгой зорилго Бурханд байгааг одоо ойлгосон гэдгээ надад бичсэн нь энэ байлаа.
Эмэгтэйн захидлыг авч уншаад би өөрийн эрхгүй баярын нулимс дуслууллаа. Бурхан түүний амьдралыг юутай гайхамшигтайгаар өөрчлөв өө! Тэр эмэгтэй цөхрөнгөө барахын даваан дээр, ямар ч гарцгүй болсон байхад Есүс түүний амьдралд орж ирээд бүх зүйлийг өөрчилсөн. Тэр над руу бичих үедээ шоронгоос урьдчилан суллуулах шүүхийн шийдвэрийг хүлээж байсан юм.
Энэ залуухан эмэгтэй бол Дуулал номын 107-р бүлгийн амьд жишээ билээ. Тэнд бичихдээ “Шаналал дундаа ЭЗЭНд тэд хашхирсанд шахаанаас нь Тэр аварчээ. Тэднийг харанхуйгаас ба үхлийн харанхуйгаас Тэр гаргаж, хүлээсийг нь таслав” гэжээ. (Дуулал 107:13-14)
Та ч бас цөхрөнгөө барахын даваан дээр байж магадгүй. Танд бүх юм хэтэрхий оройтсон мэт санагдаж болох. Та өөрийгөө хэтэрхий уруудан доройтсон гэж бодож магадгүй. Одоо Бурхан таны амьдралыг яасан ч өөрчлөхөд оройтсон гэж бодож байгаа байх. Анд минь ээ, та буруу бодож байна. Кори тен Буум гэдэг Голланд эмэгтэй Равенсбрукийн хорих лагерийн аймшигт тарчлаалт тамлалыг даван туулаад амьд гарсан хүн. Кори үргэлж “Бурханы хайр хүч очиж чадахааргүй хэтэрхий гүн нүх гэж үгүй” гэдэг байлаа. Та Бурхан руу бүхий л зүрх сэтгэлээрээ хандвал Тэр таны амьдралыг өөрчлөхдөө л нэг өөрчилнө.