ЦААШИД ГЭМТ МЭДРЭМЖ ТЭЭХГҮЙ

ЦААШИД ГЭМТ МЭДРЭМЖ ТЭЭХГҮЙ

Нэг залуухан эмэгтэй манай “Урам зоригийн үгс” радио нэвтрүүлгийг сонсдог байсан. Түүний нэрийг нууцлах учраас бүгдээрээ түүнийг Бет гэж дуудацгаая. Бетийг радио нэвтрүүлэг сонсож байхад нь Бурхан түүнд аль эрт, 13 жилийн өмнө дэлгүүрээс хулгай хийсэн үйлдлийг нь сануулжээ. Учир нь Бурхан түүгээр тэр зүйлийг нөхөн төлүүлэхийг хүсэж байгааг чин сэтгэлийнхээ гүнд ойлгов. Юу болсон бэ гэвэл Бет нэг өдөр дэлгүүрээс юм авч байхдаа хоёр бараа бүтээгдэхүүний хайрцгийг хооронд нь сольж болно гэдгийг мэдээд, илүү хямд үнэ төлж. Гэвч олон жил өнгөрөхөд тэр явдлыг санах бүртээ буруу юм үйлдсэндээ ичиж зовдог байлаа. Энэ удаад Бет Эзэний сануулгад дуулгавартай байж, нөхөн төлбөр хийхээр бат шийджээ. Дэлгүүрт очоод мөнгөө буцаах гэтэл тэндэхийн орлого зарлагын дүн зөрнө гээд түүнээс мөнгийг нь авсангүй.
Ингээд Бет тухайн компанийн ерөнхий менежерт захидал илгээж, дотор нь нөхөн төлөх ёстой мөнгөө хийжээ. Захидалдаа яг юу болсныг сийрүүлж, Христитгэл нь нэлээд суларсан яг тэр үед ийм буруу үйлдэл хийснээ ч тайлбарлав. Эцэст нь Эзэнээс хэрхэн уучлалт гуйж, өршөөл авсан тухай, мөн тэр зүйлийнхээ нөхөн төлөх ёстойг бат шийдсэн тухайгаа ч бичив. Тийм үйлдэл хийсэндээ айж эмээж, ичиж зовж байгаагаа ч илэрхийлжээ. Тэгээд одоо тэр хэргийн учрыг тодруулах гэсэн юм гэлээ.
Бет захидлаа илгээгээд удалгүй нөгөө компаниас хариу захидал авсан юм. Тэр хариу захидалд түүний үнэнч шударга занг магтсан байв. Түүний явуулсан мөнгийг буяны үйлст хандивлана гэжээ. Түүнээс гадна, Бетийн захидал тэдний авдаг бусад захидал харилцаанаас тэс өөр, сайн сайхан агуулгатай учраас тэд захидлыг нь жаазлан хананд өлгөхөөр шийдсэн гэж бичсэн байв. Бетийн хувьд, гэмээ улайсан захидал нь тэр компанийн оффисын ханан дээр өлгөөтэй байх нь жаахан ичиж зовмоор зүйл гэлээ. Гэвч нэгэнт Эзэн үүгээр алдаршиж байгаа болохоор тэгсэн ч яахав дээ гэж хариу захидалдаа дурьдаад “Би Эзэний хүслийг дуулгавартайгаар үйлдэж чадсан. Миний сэтгэл санаа одоо л нэг амарлаа” гэж бичжээ.
Библид “Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үр дүн нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болно” гэж бичигдсэн байдаг. (Исаиа 32:17) Цаашид гэмт мэдрэмж тээхгүй!