ТҮҮНИЙ НӨХРИЙН ГУТАЛ

ТҮҮНИЙ НӨХРИЙН ГУТАЛ

Миний найз Пэт нөхрөө гайхамшигтай сайн хүн гэж дандаа магтана. Гэхдээ түүнд нэг л дутагдал бий. Нөхөр нь гэртээ ирээд гутлаа хаана тайлна яг тэндээ орхиод явдаг гэнэ. Хэзээ ч гутлаа гутлын тавиур дээр тавихгүй. Өдөр бүр л нөхрийнхөө тайлаад орхисон гутлыг тавиурт хураасаар байгаад үнэхээр залхаж дургүйцдэг тухайгаа ярьсан юм.
Нэг өдөр Эзэн түүнээс “Пэт минь, хэрэв энэ Миний гутал байсан бол чи өдөр бүр баяртайгаар хураах байсан уу?” гэж асууж гэнэ. Пэт “Тэгэлгүй яахав, Эзэн минь. Та миний төлөө үнэхээр агуу зүйлсийг хийсэн байхад би Танд юу ч хийхэд бэлэн” гэв. Гэнэтхэн Пэт нэг зүйлийг ухаарчээ. Тэр үнэхээр гайхамшигтай хүнтэй гэрлэсэн. Нөхрийнхөө өөрт нь зориулж хийсэн бүхий л сайн зүйлсийг тэр эргэцүүлэн дурслаа. Өөрт нь ийм сайн ханддаг эр хүний гутлыг хураах болсондоо юунд залхаж дургүйцсэн бол доо? Пэт өөрийгөө ямар их бардам зантайгаа ухаарч гэнэ.
Үнэндээ бид гэр орондоо ихэнхдээ “зарцын ажил үүргийг” хийдэг юм биш үү? Заримдаа хамгийн дорд, муухай зүйлсийг нэг нэгийнхээ төлөө хийхээс дургүйцдэг билээ. “Тэр өөрөө үүнийгээ хийж болно доо. Тэр зүгээр л залхуурч байна” гэж бодоход амархан. Гэхдээ зөвхөн эрчүүд, нөхрүүд залхуу байдаг юм биш. Эхнэрүүдээс олонх нь машинаа унаж хэрэглээд, бензин түлшийг нь дуусгачхаад түлш авалгүй орхичихдог. Тэгээд маргааш нь нөхөр өглөө машинаа асаагаад ажилдаа явах гэтэл түлшгүй байдаг. Гэтэл Библид “Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил” гэж бичигдсэн. (Ефес 6:7)
Пэтэд тохиолдсон түүхийн үргэлжлэлийг ярья. Нэг удаа Пэт хэсэг эмэгтэйчүүдэд үг хуваалцаж байлаа. Тэгээд Бурхан нөхрийнхөө гутлыг ямар хандлагаар хураах тухай өөрт нь юу гэж сургасныг хуваалцжээ. Тэгтэл тэнд нөхөр нь байж таарч. Эхнэр нь ийм зүйлд дургүйцэж ирснийг нөхөр нь огт мэдээгүй аж. Яагаад гэхээр Пэт нөхөртөө энэ тухай нэг ч үг дурдаагүй. Харин тэр цуглаанаас хойш нөхөр нь гутлаа тайлаад үүдэнд гутлын тавиурт өөрөө тавьдаг болж гэнэ.
Хань тань заавал өөрчлөгдөнө гэж би батлан хэлж чадахгүй. Гэхдээ ханьдаа үйлчлэх таны үйлдэл бол “Би чамд үнэхээр хайртай” гэж хэлэх хүчирхэг үг мэт байна. Заримдаа хайраар үйлдсэн үйлдэл хоосон үгээс илүү үр нөлөөтэй байдаг шүү.