ЖИЖИГ ЛИМБЭ ЯАГААД ДУГАРАХАА БОЛИВ?

ЖИЖИГ ЛИМБЭ ЯАГААД ДУГАРАХАА БОЛИВ?

Кори тэн Буум амьд ахуйдаа нэгэн алдартай хөгжмийн удирдаач эрхэм Майкл Костагийн түүхийг дандаа ярьдагсан. Нэг удаа удирдаач хэдэн зуун хөгжмийн зэмсэг болон найрал дуучидтай хөгжмийн сургуулилт удирдаж байжээ. Найрал дуучид маш чанга дуугаар дуулахын зэрэгцээ хүнгэнэсэн дуутай орган хөгжим, ниргэх дуутай бөмбөр, хангинасан дуутай бүрээ бүгд дуугарч байж. Энэ бүх чимээ шуугианы дунд нэгэн эр арын буланд жижигхэн лимбэ хөгжим тоглож байснаа “Миний тоглож байгааг ер нь хэн сонсож байгаа юм!” гэж бодоод тоглохоо больж л дээ. Гэнэтхэн агуу удирдаач гараа сэгсрэн оркестрыг зогсохыг дохив. Тэгснээ “Жижиг лимбэ яагаад дуугарахаа больчихов?” гэсэн гэдэг.
Тэгвэл таны хувьд ямар байна вэ? Амьдрал хэмээх найрал хөгжмийн эхний эгнээнд та хийл хөгжим тоглоогүй байж болох. Эсвэл нижигнэсэн бөмбөр ч тоглоогүй байж магадгүй. Таны авьяас чадвар жижигхэн лимбэ хөгжим тоглоход хамгийн сайн тохирсон, ач холбогдолгүй, нууцлаг мэт санагдаж болох юм. Гэтэл Бурхан амьдрал гэгдэх тэрхүү найрал хөгжим дотор таны оруулж буй хувь нэмрийг сонсоод мэддэг билээ.
Библид Нааман гэдэг нэртэй цэргийн жанжны түүхийг өгүүлдэг. Тэрээр ихэд хүндлэгдсэн, Арам улсад нэлээд том хүмүүсийн нэг байжээ. Гэвч тэр уяман өвчинтэй болсон. Түүний цэргүүд нэгэн залуухан Израиль охиныг олзлон авчирч, охин Нааманы эхнэрийн шивэгчин болжээ. Тэр охин бол жижиг лимбэ тоглодог хөгжимчин байх нь гарцаагүй. Учир нь тэр олзлогдож ирсэн зарц боол байлаа. Гэтэл тэр зүрх зориг гарган эзэгтэйдээ “...Самари дахь [Бурханы] эш үзүүлэгчтэй [Елишатай] эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ” гэж хэлжээ (2 Хаад 5:1-3) Нааман охины хэлснээр хийжээ. Тэгээд Бурхан Елиша эш үзүүлэгчээр дамжуулан түүнийг аймшигт өвчнөөс илааршуулсан юм. Нэлээд чухал хүнийг Өөр рүүгээ авчрахын тулд Бурхан жирийн нэг олзлогдсон шивэгчин охиныг ашигласан. Тэгээд Нааман жанжин тэр цагаас эхлэн зөвхөн үнэн Бурханд мөргөнө гэж андгайлсан түүхтэй.
Анд минь, та энэ амьдралд ач холбогдолтой хүн шүү. Та бөмбөр эсвэл хийл хөгжим, бүр жижиг лимбэ тоглодог байсан ч үргэлжлүүлэн тогло. Амьдрал хэмээгдэх найрал хөгжмийн Тэнгэрлэг Удирдаач таны ая дууг анхааралтай сонссоор байгаа шүү.