ЗОВЛОНГИЙН ГУРВАН ШАЛТГААН

ЗОВЛОНГИЙН ГУРВАН ШАЛТГААН

Таныг бие махбодын өвчин эмгэг, салж сарнисан харилцаа буюу эмтэрч шархалсан зүрхнээс болж үнэхээр зовж шаналж байхад чинь оюун бодолд тэр даруй “Яагаад вэ? Яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм!” гэсэн асуултууд орж ирдэг. Энэ гайхшруулсан асуултын хариуг Библийн гурван жишээнээс өгье.
Нэгдүгээр хариулт бол өвчин зовлон гэм нүглээс бол ирдэг. Библи судрын Иеремиа номын 13-р бүлэгт ингэж өгүүлжээ. “Хэрвээ чи зүрхэндээ ‘Энэ зүйлс яагаад надад тохиолдов?’ гэж хэлбэл хилэнц чинь маш их болсноос...” гэсэн юм. Үнэхээр муу хүнд ямар нэг муу зүйлс тохиолдохыг харахдаа та учир шалтгаан, үр дагаврын холбоосыг шууд л олж хардаг. Гэтэл заримдаа бид өөрсдийн зовлонгийн учир холбоосыг төдийлөн хурдан олж хардаггүй.
Гэвч Бурхан зовлон шаналлыг зөвшөөрдөг өөр нэг шалтгаан бол Тэр Өөрийгөө магтуулахын тулд тэгдэг. Танд энэ шалтгаан хачирхалтай санагдаж байна уу? Есүс нэгэн сохор хүнийг эдгээдэг түүх Библид бий. Яг тэгэхээс өмнө шашны удирдагчид түүнээс хэн гэм нүгэл үйлдэж улмаар энэ хүн сохор төрсөн тухай асуудаг. Есүс тэдэнд хариулахдаа “Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм” хэмээсэн. (Иохан 9:3) Бурхан ер бусын хүчээ харуулахад таныг үзүүлэн болгохыг хүссэн байж магадгүй шүү.
Гурав дахь жишээ бол надад онцгойлон сургамж болдог юм. Зовлон шаналал бүхий зүйлс бидэнд яагаад тохиолддог тухай элч Паул юу гэж ярьснаас эш татъя: “...өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ.” (2 Коринт 1:9) Заримдаа би хүн хэцүү нөхцөл байдалтай нүүр тулахдаа “Би үүнийг өөрөө зохицуулж чадахгүй нээ! Надад Бурханы тусламж үнэхээр хэрэгтэй байна!” гэж ухаардаг. Намайг ямар хариугүй, дорой амьтан болохыг надад ямар ч шийдэлгүй, мухардсан нөхцөл байдал хамгаас илүүгээр харуулж өгдөг юм.
Хэрэв та яг одоо зовлонтой нөхцөл байдалд орсон байвал магадгүй Бурхан “Уучлаарай, гэвч энд шийдэх хэрэгтэй нэг гэм нүгэл байна даа” гэж хэлж байгаа байх. Эсвэл энэ зовлонг шийдвэрлэх үнэхээр гайхамшигтай шийдлийг явуулж, таныг “Эзэн алдаршиг” гэж уулгалуулахаар тэгж байгаа байх. Эсвэл таныг Өөрөөс нь бүрэн хамааралтай болохыг, мөн Тэр ямар найдвартай Нэгэн болохоо танд ухааруулахын тулд үүнийг зөвшөөрсөн хэрэг. Та зүгээр л Түүний шалтгааныг сонсоорой.