БУРХАН БИДНИЙ ЯГ ХААНА БАЙГААГ МЭДНЭ

БУРХАН БИДНИЙ ЯГ ХААНА БАЙГААГ МЭДНЭ

Манай хүү хаданд авирах болон уулнаас цанаар буух спортоор тасралтгүй хичээллээд эхлэнгүүт л эцэг эх нь болсон бид түүнийг аюулгүй байлгах талаар чадах бүхнээ нухацтайгаар хийж эхэлсэн юм. Тэр үед бид түүнд GPS төхөөрөмж буюу түүний байршлыг дэлхийн хаанаас ч бидэнд зааж өгөх гарт зүүдэг хэрэгслийг худалдаж авсан. Үүний ачаар би гэдэг эх хүн шөнө амар тайван унтдаг юм!
GPS гэдэг нь Дэлхий дээрх байршуулах систем (Global positioning system) гэсэн утгатай үг. Энэ бол сансарт байрладаг хэд хэдэн хиймэл дагуул болон хяналт шинжилгээг газраас явуулах станцуудын сүлжээ зэргээс бүрддэг радиогоор удирдуулдаг систем юм. Дор хаяж 24 GPS хиймэл дагуул ойролцоогоор 17703 километрийн өндөрт дэлхийг тойрч, дэлхийн аль ч өнцөгт, ямар ч цаг агаарын нөхцөлд хэрэглэгчдийн байршлын талаарх зөв зүйтэй мэдээллээр хангаж өгдөг.
Ойлгомжтойгоор тайлбарлая. Манай хүү адал явдалт аяллаа эхлэх бүртээ GPS-ээ асаагаад өөрийнхөө эхлэл байршлаа тэмдэглэдэг. Дараа нь шуурга дэгдсэн ч хэчнээн их манан будантай боллоо ч тэр буцах замаа олж чадна. GPS төхөөрөмж нь түүний яг хаана байгааг зааж өгч, эхлэл байршил руу түүнийг хөтөлдөг юм. Үүнийг би юу хэлэх гээд байна гэхээр Бурхан бидний шинжлэх ухааны ололтыг шоолж инээмсэглэдэг байхаа. Тэдгээр нь хэчнээн гайхамшигтай байсан ч бүхнийг мэддэг Нэгэний хувьд хүүхдийн тоглоом шиг санагдаж магадгүй.
Библид: “ЭЗЭН тэнгэрээс ажмуй. Тэрээр хүний хөвгүүдийг
бүгдийг харах авай.” гэж Дуулал 33:13 дээр бичсэн байдаг бол Иов 34:21 дээр “Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож, Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.” гэж бичжээ. Мөн  Иов 36:7-р ишлэлийг харах юм бол “Тэрээр зөвт нэгнээс мэлмийгээ салгадаггүй...” гэсэн байна.
Бурхан бидний хаана байгааг хэзээд мэддэг болохыг мэдэх нь ямар сайхан бэ. GPS төхөөрөмж хэчнээн тустай ч гэсэн доторх зай нь цэнэггүй болох юмуу эвдэрвэл тэр хэрэгсэл ямар ч ашиггүй болно. Харин Бурхан бидний хаана байгааг үргэлж мэддэг. Библид хэлэхдээ: “ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахидаг...” гэж Дуулал 145:20-р ишлэлд хэлсэн байдаг бол “ЭЗЭН чамайг ямагт удирдана...” гэж Исаиа 58:11-р ишлэлд бичжээ. Та явах замаа алдаж амьдралдаа төөрвөл Бурхан таныг хамгаалж зөв замыг танд зааж өгөх болно. Бурхан тантай үргэлж хамт байдаг юм шүү.