ЖИНХЭНЭ ЭРДЭНЭ

ЖИНХЭНЭ ЭРДЭНЭ

1141 онд, эртний Герман улсад ийм нэгэн явдал болжээ. Бавари мужийн гүн өөрийнхөө цайзад бүслэгдчихсэн байсан юм. Нэлээд удаан хугацаагаар бүслэлтэд байсны эцэст гүн дайсандаа бууж өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Гэтэл Эзэн хаан түүнд аюулгүйгээр гарч явах боломжийг соёрхож гэнэ. Харин гүнгийн эхнэр нь эзэн хааныг амлалтаа биелүүлнэ гэдэгт итгээгүй юм. Ингээд эзэн хаан хүрэлцэн ирж, гүнгийн цайз дахь юмсыг олзлохоор орж ирэхэд гүнгийн эхнэр түүнд нэгэн хүсэлт явуулжээ. Түүнд болон цайз доторх бүх эмэгтэйчүүдэд ямар нэг хор учруулахгүйгээр цайзаас гаргахыг хүсжээ. Мөн эмэгтэйчүүд гарахдаа даах хэмжээгээр эд хөрөнгөнөөсөө аваад гарахыг бас хүсэмжилсэн байна. Эзэн хаан ч түүний гуйлтыг зөвшөөрсөн юм. Ингээд цайзын дааман хаалга нээгдэхэд дотор байсан бүхий л эмэгтэйчүүд гарч ирлээ. Гэхдээ тэд алт мөнгө, үнэт чулуу барьж гараагүй. Харин эмэгтэй нэг бүр хань нөхрөө дааж ядан үүрээд гарч ирсэн юм. Тэр зоригт эмэгтэйчүүд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу болохыг мэддэг байжээ.
Ийм этгээд үйлдлийг нь харсан эзэн хаан нулимсаа барьж тэсэлгүй сэтгэл хөдөлсөндөө хань нөхрөө нуруун дээрээс буулгахыг тэр даруй тэдэнд тушаасан юм. Тэгээд тэд бүгд аюулгүй гарч, эрх чөлөөтэй явахын баталгааг гаргасан билээ. Тэр байтугай, тэднийг хүлээн авалтад урьж, өмнө тохироод байсан болзлоос хамаагүй зөөлөн нөхцөлөөр тэдэнтэй эвлэрэв. Тиймээ таны хань бол хэмжээлшгүй үнэтэй эрдэнэ юм. Дэлхий дээр амьдарч байсан хамгийн мэргэн хүн болох Соломон хаан: “...Хайрын тулд хамаг гэр хөрөнгөө хэн нэгэн өргөлөө ч гэсэн хайхралыг хэрхэвч эс үзэх.” (Соломоны дуун 8:7) гэж хэлжээ. Та хань ижилдээ ямар их баярлан талархдагаа хэлэхэд өнөөдөр тохиромжтой цаг биш гэж үү?
Өнөөдөр таны хуримын ойн өдөр биш байж болно. Биш байлаа гээд юу гэж? Хань ижилдээ утга учир, үнэ цэнэтэй байх жижигхэн бэлэг авч өг л дөө. Бурхан танд сайхан ханийг өгснийг тэмдэглэ л дээ. Эцсийн эцэст, таны цайз болох гэр оронд чинь таны нөхөр буюу таны эхнэр бол үнэхээр таны жинхэнэ эрдэнэ чинь юм шүү.