БҮХЭЛДЭЭ САЙН БУРХАН

БҮХЭЛДЭЭ САЙН БУРХАН

“Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг... хамтатга.” 2 Петр 1:5

Та ямар нэг тавилгыг хараад, модыг уран гоёмсгоор сийлбэрлэснийг үзээд тэр сийлбэр бол бүхэл модны гадарга дээрх зүсэлт төдий болохыг та мэддэг. Та зөвхөн гадна талыг л харж чадна. Харин Бурханы хувьд бол Түүний үндсэн чанар буюу шинжүүд бол гоёмсог модон урлал дээрх сийлбэр мэт. Хоорондоо сүлжилдсэн зураас болгон нь хамтдаа нэгдэж, гүн гүнзгий туяа, гоо үзэсгэлэнгээр гялбадаг мэт. Бурханыг харах дээрээ тулахдаа бид зөвхөн багахан хэсгийг харж чаддаг. Гэтэл бид хүмүүн болохоор, бас Бурханыг хүмүүн харилцаа, зан үйлийн утгаар ойлгох хандлагатай болохоор бид түүний чанар болох шинжүүдийн тухай ярьцгаадаг.
Сайн сайхан байдал бол Бурханы чанар буюу шинжүүдийн нэг мөн. Энэ тухай бидэнд юу илчлэн ярьдаг вэ?  Байгаль уу?  Үгүй, байгаль бидэнд Бурханы хүч чадлын тухай өгүүлэх биш Түүний сайн сайхан байдлыг илчилдэггүй. Тэгвэл Бурхан бол сайн гэдгийг бидэнд шинжлэх ухаан илчилдэг юм болов уу? Бас л сөрөг хариу өгмөөр байна. Эсвэл түүхийн хувьд юу вэ? Бурханы сайн сайхныг амсаж ирсэн эрчүүд эмэгтэйчүүдийн гэрчлэлийг бид түүхээс олж харж болно. Хүнд бэрх цагт тэд Бурханд хандахад, Бурхан тэдэнтэй хамт байсан. Гэхдээ “Бурхан ер нь ямаршуу вэ?” гэсэн асуултын хариу гол утгаар Библид  агуулагддаг билээ. Энгийн боловч хүчирхэг үгсээр тайлбарлая. Библи гэдэг энэ эртний агуу номыг үзэглэж бичсэн эрчүүд Бурханыг сайн мөн гэж баталжээ. Өөр ямар ч тайлбаргүйгээр тэгж нэгмөсөн батлан бичсэн. Библи гэдэг энэ номд Бурханы сайн сайхан байдлыг 100 орчим удаа дурджээ. Яг л эш үзүүлэгч Нахум уулга алдаж “ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг” (Нахум 1:7) гэсэнтэй адил.
Сайн сайхан байдал бол муу муухай буюу бузар муухай байдлын эсрэг чанар. Энэ нь Бурханы мөн чанараас урган гардаг. Энэ бол ямар нэг зунгааралдсан, хүчгүй дорой нялуурал биш. Харин цэвэр ариун байдал, энэрэнгүй зангийн хүчирхэг тусгал мөн. Үүнийг сул дорой байдалтай андуурч огт болохгүй. Шашин шүтлэгийг харьцуулан судалбал сайн сайхан байдал нь зөвхөн энэ агуу Бурхантай холбоотой болохыг төдөлгүй тогтоох боломжтой. Бидний дэлхийг бүтээж, бас хүмүүн бидэнд тэнгэр диваажинд буцах замыг зааж өгөхөөр Хүүгээ илгээсэн энэ Бурханд л сайн сайхан байдал бий. Харанхуй бүдүүлэг шүтээнүүд голдуу тайтгарлыг шаарддаг, уур уцаартай бурхад гэж хүмүүс үздэг.  Харин ч Өөрийнхөө хүүхдүүдийн амьдралыг сайн сайхан байдлаараа хөндөж эргүүлдэг  хайраар дүүрэн Бурхантай тэд адилгүй.
Паулын хувьд Бурханы сайн сайхан байдлыг Түүний хахир хатуу байдалтай эсрэгцүүлсэн. (Ром 11:22) Тэр нь Түүнд итгэх хүмүүст үзүүлэх сайн сайхан байдал, бас бузар муу хүмүүст үзүүлэх Түүний хахир хатуу байдал. Яг ийм дээрээ тулахад олон хүн эгдүүцээд үлддэг. Тэд яг л Санта Клаус буюу Өвлийн өвгөн адил Бурханыг хүсдэг. Сайн сайхан бэлэг, ерөөлийн эх үүсвэрийг тэд хүсдэг. Мэдээж биднийг алдаа эндлээс маань авардаг Орчлонгийн агуу Анагаагчийг бид хүсдэг. Гэтэл сайн сайхан байдал болон хахир хатуу байдал хоёулаа хамт байхыг хараад тэд үнэндээ ойлгож, зөвшөөрч чаддаггүй.
Хэсэг зуур эргэцүүлээд Бурханы үйлдсэн юмсыг бодож үзээрэй. Тэгвэл энэхүү агуу, сайн Бурхан бидний амьдралд мутраа хүргэж бүхнийг илүү сайжруулсныг та шууд санана. Харин бид ямар хариу үйлдэл хийх вэ? Зарим тохиолдолд байгаа зүйлдээ сэтгэл  ханахгүйгээр улам ихийн төлөө тэмүүлж болно. Гэвч талархаж буй хүний хариу үйлдэл нь үнэндээ зөвхөн баярласан талархсан хандлага байх учиртай.
Эрт цагт Дуулал номыг бичсэн хүн уулга алдаж “Энэрэл хайрынх нь төлөө, хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун!” гэжээ. (Дуулал 107:8) Гэтэл 3000-гаад жил өнгөрсний дараа тэрхүү хэрэгцээ улам нэмэгдсээр. Бид сайн сайхан байдлынх нь төлөө, бидэнд үйлдсэн гайхалтай үйлсийнх нь төлөө Эзэнийг магтах болтугай. Хүртэх зохисгүйг бидэнд соёрхсоных нь төлөө Түүнд талархах болтугай.