УУР ХИЛЭН

“Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан ард олонд ‘Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?’... гэв.” Лук 3:7

Надад ирсэн нэг захидалд “Хүндэт доктор Салла. Би Баптист урсгалын сүм чуулганд багаасаа явж ирсэн. Аврал хүртэх Библийн шалгуурт үл нийцэх хүмүүс үхээд там гэдэг газар шатах болно гэдгийг би сонсож өссөн. Өнөөдөр ч гэсэн хамрагдаж буй сүм чуулгандаа би үүнийг сонссон хэвээр. Гэхдээ би нэг зүйлийг ойлгохгүй байна. Яагаад Бурхан энэ мөнхийн галт нүх гэж нэрлэгдэх зүйлийг бүтээх болсон бэ? Хүн нэгэнт нас бараад, цаашид бусдад хор хөнөөл учруулж чадахгүй шүү дээ. Гэтэл хүмүүсийг мөнхийн мөнхөд шатаж, үүрд зовж байхыг харахдаа Бурхан ийм байдлаар өшөө авч, сэтгэл нь ханадаг юм болов уу?” гэсэн байв.
Захидлыг бичсэн хүн шууд хэлээгүй ч түүний үгнээс харвал “Хайрын Бурхан ер нь хэн нэгнийг яаж там руу хаяж чаддаг байна вэ?” гэснийг харж болно. Бурхан танд хайртай, үнэхээр хайртай шүү. Сайн Мэдээний гол цөм нь бол Иохан 3:16: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.”  Гэтэл үүний дараах эшлэлийг их цөөхөн хүн мэддэг: “Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ.”
Ихэнх хүмүүсийн мэддэггүй зүйл, ялангуяа пасторууд нь “Бурхан танд хайртай” гэсэн сэдвийг голчилдог сүмийн хүмүүсийн мэддэггүй зүйлийг ярья.
Теологич, судлаач Артур Пинк хэлэхдээ “Бурханы хайр болон зөөлөн сэтгэлийн тухай эшлэлээс илүүтэй Түүний уур хилэнг өгүүлэх эшлэл Ариун Бичээст хамаагүй их бий” гэсэн. Бурханы зөвт байдал болон шударга ёс нь хүний зөвт байдлын төлөө шагнал соёрхохыг шаардахын зэрэгцээ бас гэм нүгэл болон буруу үйлсийн хариуг авахыг шаарддаг билээ. Гэтэл энэ баримтыг өнөөдөр бараг дэлхий дахинаар дарагдуулан чимээгүй өнгөрдөг болсонд би гайхаад барахгүй.
Нэг хором өөрөөсөө асууж үзээрэй. Шинэ Гэрээний дараах эшлэлийг та сургаалд сонссон нь хэзээ вэ? “Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг.” (Еврей 10:31) “Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг.” (Ром 1:18)  “Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.” (Ефес 5:6)  Мөн  Колоссай хотод бичсэн захидалдаа элч Паул хэлэхдээ “Эдгээрээс болж Бурханы хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно” (Колоссай 3:6) гэжээ.
Төгс Хүчит Нэгэний тэвчээр болон өршөөл эцэстээ тулна гэж бий. Тэр цагт Түүний уур хилэн асгарна. Бурханы Хүүг үгүйсгэсэн үеийнхний дээрээс Түүний уур хилэн нь асгаж цутгаж байгааг Библийн Илчлэл номонд бэлэг тэмдэг болон үгсээр дүрслэн харуулсан байна.
Бурхан зөвхөн хайраар дүүрэн Бурхан биш, бас эцсийн эцэст тэвчээр нь дуусгавар болох Бурхан мөн гэдгийг мэдэх нь бидэнд айдас төрүүлэх зүйл үү? Би үүнд хариулахдаа “тийм” болон “үгүй” гэсэн хоёр хариу өгнө. Би өөрөө Бурханы хүүхэд учраас надад айх зүйл огт үгүй. Гэвч хэрэв хэн нэгэн Түүний хонин сүрэгт багтаагүй, Бурханы хүүхэд болоогүй бол, тэгвэл Түүн рүү гуйж хүрээд, өршөөл уучлалыг нь гуйх зайлшгүй хэрэгтэй. Элч Паул Коринтыхонд бичихдээ хүртэл “Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг” (2 Коринт 5:11) гэсэн. Тэр нь ёсоор болтугай.