ИЧГҮҮР ЗӨВ БАЙХЫН ЦАГТ

ИЧГҮҮР ЗӨВ БАЙХЫН ЦАГТ

“Би та нарыг ичээхийн тулд ярьж байна...” 1 Коринт 6:5

Та “БУРУУ” гэдгийг мэдэх зүйлийг үйлдэхдээ гэм буруутай мэдрэмжийг амсдаг. Энэ бол таны мөс чанар “Чи зөв гэж итгэдэг зүйлээ зөрчиж байна шүү!” гэж бидэнд сануулга өгч хашхирч байгаа хэрэг. Саяхан надад нэг эмэгтэйгээс нэргүй захидал ирсэн юм. Тэр эмэгтэй буруу гэдгийг мэдсээр байж бэлгийн харилцаанд ороод, тэр хүнтэйгээ харилцаатай байсаар. Буруу гэдгийг мэдсэн мөртлөө тэр хүнээс салж холдох хүчгүй байсан нь илт. Энэ тухай надад ярьж өгснөөрөө сэтгэлээ уудалж, гэм буруутай мэдрэмжээ жаахан ч гэсэн намдаасан нь үнэн. Гэвч захидлынхаа дор нэрээ бичээгүй нь ичгүүрийн шинж тэмдэг байв. Тэр надаар залбируулахыг хүссэн. Гэвч өөрийг нь хэн болохыг намайг мэдэж, эвгүй байдалд орохыг тэр хүссэнгүй. За яахав дээ!
Та цаг гаргаад “ичгүүр” гэдэг үгийг Библийн конкорданс буюу үгийн бүртгэлээс хайх юм бол Библид үүнийг 100 гаруй удаа дурдсаныг харж болно. Ариун Бичээсийг үзэглэсэн хүмүүс их хүчтэй тунхаглал хийж, Бурханд итгэж найддаг хүн хэзээ ч ичгүүрийг амсахгүй гэдэг баримтыг гаргаж ирснийг та харна. Шинэ Гэрээг бичигсэд л гэхэд эш үзүүлэгч Исаиагийн “Түүнд [Бурханд] итгэгч нь ичгүүрт орохгүй” (Ром 9:33; 10:11, 1 Петр 2:6) гэсэн үгийг дор хаяж гурвантаа дурдсан байна.
Есүс Христэд итгэгчид Бурханы оршихуйд ичгүүр үгүйгээр зогсох боломжтой гэжээ. Учир нь бидний гэм нүглүүд нэгэнт уучлагдсан, мөн бидний буруу үйлс зүүн зүг баруунаас хол байдаг шиг биднээс хол аваачигдсан гэв. Энгийн үгээр хэлэхэд, Христ бидний гэм нүглийн торгуулийг нэгэнт төлсөн тул ичгүүрийг амсах шалтгаан байхгүй болсон.
Үүний зэрэгцээ Ариун Бичээсийг үзэглэсэн хүмүүс бурууг үйлдэгчдийг буруушааж, тэднийг зэмлэн засдаг. Ялангуяа Иеремиа өөрийнхөө цаг үеийн хүмүүсийг буруушаасан. Тэр уулгалан “Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав. Тиймээс” гээд тэр “аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ” (Иеремиа. 3:2-3) гэж хэлжээ. Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн номондоо Иеремиа ийм нэг асуултыг асуужээ: “Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү?” Тэгснээ өөрийнхөө асуултад хариулахдаа “Огт ичээгүйгээр барахгүй ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ” (Иеремиа 6:15) гэсэн.
Элч Паул Коринт хот руу захидал бичихдээ зөвийг буруугаас ялгах чадваргүй болсонд нь их сэтгэл түгшсэн. Тэд хувьчилсан жижиг асуудлаар арцалдаж, шашны бус шүүхэд хэргээ шүүх болсон. Паул хэлэхдээ “Би та нарыг ичээхийн тулд ярьж байна” (1 Коринт 6:5) гэсэн.
Шударгаар хэлэхэд, бид ичгүүр гэсэн мэдрэмжийг амьдралын зөв талд тавих шаардлагатай. Бид зөв буруу гэж байдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд буруу явдлын тал дээр зогсох болбол бид баяртайгаар ичгүүрт автаж, нүүр улайх учиртай. Нөгөөтээгүүр, хэрэв буруу зүйл хийгээгүй бол өөр хүний дарамтын улмаас бид ичгүүрийг амсахгүй байх учиртай.


“ТҮҮНД ИТГЭГЧ НЬ ИЧГҮҮРТ ОРОХГҮЙ”