ЕСҮСИЙН НҮҮР ЦАРАЙ

ЕСҮСИЙН НҮҮР ЦАРАЙ

“ Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд бид Түүнийг даанч эс тоожээ.” Исаиа 53:3

Лондон хотын Гэгээн Паулын Сүм дуганд очиж үзвэл тэнд Холман Хантын алдартай зургийг та харах болно. Тэр зурган дээр Христ үүд хаалган дээр зогсоод тогшиж байгааг дүрсэлжээ. Гэвч Христ үнэндээ ямар дүр төрхтэй вэ?
Хэрэв та үүний хариултыг үнэхээр авмаар байгаа бол Сайн Мэдээний номуудын хуудаснаас хайж, Түүний намтрыг бичсэн хүмүүсийн өгүүлснийг унших хэрэгтэй. Магадгүй та өөрөөсөө “Тэр хүмүүс чинь Есүсийн яг ямаршуу төрх царайтай байсан тухай өгүүлсэн юмуу?” гэж асуух байх. Үгүй тэд өгүүлээгүй. Гэхдээ тэд бүхий л хүн төрөлхтөнд Есүсийн нүүр царайны дүрсийг үлдээсэн. Бодит хүний физиономи буюу нүүр царайнаас цаадахыг олж харж, жинхэнэ хүнийг олж нээхэд бидэнд тус болох дүрсийг тэд үлдээсэн.
Миний хувьд, Сайн Мэдээний номуудыг уншаад хамгийн эхэнд харагддаг Есүсийн дүр бол ЭНЭРЭЛ ӨРШӨӨЛИЙН ДҮР ТӨРХ. Есүс бусдад үл ойшоогдон хаягдсан эрчүүд эмэгтэйчүүдэд хүрч, тэдний мэдэрч буйг Тэр мэдэрч чадсан. Тэдний зовлонг хуваалцаж Тэр бас зовсон. Бусдын гар хүрэхээс хүртэл цээрлэдэг хүмүүст Тэр мутраа хүргэсэн.
Өөр нэг илэрхий харагдах дүр төрх бол УЯН ЗӨӨЛӨН БАЙДАЛ. Сул дорой байдлаас ялгаатай Түүний уян зөөлөн байдал нь мэдрэмтгий чанарыг нь илчилнэ. Тэр хүүхэд адил болж чаддаг мөн шаардлага гарвал гартаа ташуур авч, мөнгө хүүлэгчдийг сүм дотроос хөөн зайлуулж чаддаг жинхэнэ эр хүн байж чадсан. Есүс дорой хүн байгаагүй, эмэгтэйлэг зантай хүн ч байгаагүй. Харин гүн гүнзгий зан чанартай, хүмүүсийг үнэхээр хайрлаж чаддаг хүн байжээ. Мөн Түүнээс цэвэр ариун байдал, зовлонг даах чанар, давшгүй хайр, шударга ёс, бусдын зовлонг ойлгох чанар бас олон өөр давуу чанар, сэтгэл хөдлөлийг би харж байна.
Хэдийгээр би Түүнийг бодитоор, махан биед байхаар хараагүй ч би Түүнийг мэддэг. Учир нь Тэр надтай хамт алхаж, миний амьдралыг удирдаж иржээ. Элч Иохан хэлэхдээ “Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно” (1 Иохан 3:2) гэв.
Есүс Христ бүхий л арьс өнгөтэй бүхий л хүмүүст бүх зүйл нь болжээ. Тэр бидний өөрийн нүүр царайн тусгал, бидний дүр төрх маань болсон нь зүй ёсны хэрэг. Гэвч бүхний хувьд Тэр бол махан бие болж, хүмүүн бидний дунд амьдарсан Бурханы Хүү билээ. Тэр бол Эцэгийн алдар нь, Гурвалын хоёр дахь Хүн, Өөрт нь итгэгч хүмүүсийн төлөө зуучлан залбирахаар өнө мөнхөд оршиж буй Нэгэн билээ.
Та Есүсийг хэрхэн дүрсэлж төсөөлдөг вэ? Магадгүй таны төсөөлөл хоёрдогч юмуу гуравдагч эх үүсвэрээр ирсэн болов уу? Харин та Ариун Бичээсийн хуудас бүрээс Түүний талаарх өөрийн гэсэн дүрсийг бий болгож амжаагүй байх. Нэгэнт Христ эдүгээ ч амьд тул томшгүй олон сая хүний адил та ч гэсэн Түүнтэй уулзах боломжтой шүү.