ШИНЭ ХҮН БОЛОХУЙ

ШИНЭ ХҮН БОЛОХУЙ

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна.” Лук 9:23-24

Гүн ухаанч Сократ “Өөрийгөө таньж мэд!” гэсэн үгээрээ олноо алдаршсан. Тэгвэл Есүс Христ “Өөрийгөө зориулж өг!” гэсэн уриа үг ёсоор амьдарчээ. Хүн өөрийгөө таньж мэдэх бас өөрийгөө зориулж өгөхийн хооронд асар том ялгаа бий.
Паул Бурханы гэрэлд өөрийгөө хараад, харсан зүйлдээ төдийлөн сэтгэл ханамжтай үлдээгүй. Учир нь түүнд дутмаг зүйл олон байжээ. Паул хэлэхдээ “Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна” гэв. Үргэлжлүүлээд “Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг” (Ром 7:15, 18-19) гэж хүлээн зөвшөөрчээ.
Та Паулын бичсэнтэй бүрэн санал нэгдэх байх. Та өөрийгөө яг хэн болохыг олж харахад тэрхүү ойлголт танд төдийлөн тааламжтай санагдахгүй байх. Та бусдыг үйлдлээ гэж яллаж байсан зүйлээ өөрөө ахин дахин үйлдсэн байдаг. Таны зүрх сэтгэлийг дүүргэдэг бодол санааг хэрэв дэлгэцээр үзүүлэн болгож, найз нөхөд болон гэр бүлд чинь үзүүлбэл та лавтай ичгэвтэр байдалд орно. Гэтэл тэдгээр нь таны яг хэн болохыг чинь тусган харуулдаг.
Харин Есүс “Өөрийгөө зориулж өг!” гэв. Өөрийгөө өгснөөр бид эргүүлж авдаг. Үхсэнээр бид амьд байна. Гэвч өөрийгөө зориулж өгөх нь таны хуучин мөн чанартай зөрчилдөнө. Хүн бид өгөхийг биш, харин авахыг хүсдэг шүү дээ. Бид бусдад үйлчлэхэд суралцаж дорд болохыг биш, харин өөрийн магтаал шагналаа авахыг хүсдэг. Тэгвэл Есүс энэ тухайд ингэж хэлжээ: “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна.” (Лук 9:23-24)
Өөрийгөө эхлээд Бурханд, мөн дараа нь бусдад зориулж өгөхийн үзэсгэлэнтэй тал бол өөрийгөө өгснөөр бидний хуучин хүн өөрчлөгддөг явдал. Паул үүнийг “шинэ хүн” болох гэж дүрсэлжээ. Тэр бол нэлээд бузар муу хуучин хүнийхээ дээрээс хучлага тавьсан хүн биш, харин үнэхээр шинэ болсон хүн. Энэ бол итгэлийн эргэлтийн үзэсгэлэнтэй сайхан тал. Энэ бол Христ Есүсийн дотор шинэ хүн болох явдал.
Тийм ээ, өөрийгөө таньж мэдэх нь чухал зүйл. Өөрийн сул тал, өөрийн уналт бүтэлгүйтэл, гэм нүглээ мэдэх нь ач холбогдолтой. Гэвч та нэгэнт өөрийгөө мэдсэн бол тэр ойлголт ёсоор ямар нэг үйлдэл хийгээрэй. Өөрийгөө зориулж өгөөрэй. Тэгснээр та Бурханы хүсэл зориг ёсоор шинэ хүн болно.