ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХҮЙ

ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХҮЙ

“Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай.” Ром 7:24-25

Өөрийн цаг үедээ Сократ хүмүүст хайрлуулж байсан шигээ бас үзэн ядагдсан. Түүнийг хурц ёжтой, зүсэх мэт үг тайлбарт тухайн хотын эцгүүд төдийлөн дуртай байсангүй. Учир нь Сократ өөрийнхөө хурц шүүмжлэлтэй үг тайлбартаа тэдний хоёр нүүр, худал хуурмаг байдлыг нэлээдгүй хөндсөн. Сократын өгсөн бүхий л зөвлөгөө дотроос “Өөрийгөө таньж мэдэгтүн!” гэсэн түүний заавраас илүү үнэн, илүү хүч нөлөөтэй үг гэж байхгүй байх. Хэрэв та үнэхээр өөрийгөө таньж мэдэхийг хүсэж байгаа бол та өөрөөсөө дараах долоон асуултыг асуух шаардлагатай. Энэ бол та яг хэн, яг юу болохыг дүгнэж цэгнэхэд танд тус болох зөвлөмжүүд билээ.
1-р ЗӨВЛӨМЖ: Та амьдралаас яг юу хүсдэг вэ? Таны хүсэл, таны амбиц, мөн таны нууцхан тэмүүллүүд ч гэсэн таны яг хэн болохын тухай өгүүлнэ. Та алдар нэр, хөрөнгө мөнгө, эсвэл аз жаргалыг хүсэж байна уу? Бурханы хүслийг үйлдэж, зорилготой амьдрахыг хүсэж байна уу?  Эсвэл зугаа цэнгэлээр дүүрэн амьдармаар байна уу? Энэ бүхэн таны хэн болохыг илчилдэг.
2-р ЗӨВЛӨМЖ: Та юуны тухай хамгаас их боддог вэ? Таны бодол санаа амьдралыг чинь хянадаг. Есүс айлдахдаа “Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч...” (Матай 15:18) Үнэн хэрэгтээ, таны амьдрал бол таны бодол санааны үргэлжлэл болдог. Тийм ч учраас нэг талаас, эерэг, өөдөө тэмүүлсэн зүйлсийг бодож амьдрах нь туйлын чухал билээ.
3-р ЗӨВЛӨМЖ: Та мөнгөө яаж зарцуулдаг вэ? Таны өрхийн орлогын тэмдэглэл бол хувь хүн таны амьдралын түүх намтар л гэсэн үг. Үүгээр таны үнэт зүйлсийн тогтолцоо юу болохыг мэдэж болно. Та чухал гэж бодсон зүйлдээ мөнгөө зарцуулдаг. Тэр нь таны байшин, таны машин, таны ширээн дээр тавигддаг хоол хүнс юмуу хүүхдүүддээ өмсүүлдэг хувцас хунарын аль нь ч байж болно. Үүний зэрэгцээ зугаа цэнгэл юмуу ном хэвлэлд зарцуулсан мөнгө таны юуг чухалчилдаг болохын чинь илрэл болно.
4-р ЗӨВЛӨМЖ: Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Та амралт чөлөө цагаа яаж өнгөрүүлдэг чинь таны яг хэн болох тухай өгүүлж чадна. Зарим хүн бэлэвсэн эмэгтэйчүүдэд зориулж гэр орныг нь будаж засаж өгдөг. Бас дэлгүүр явах зав боломж үгүй эцэг эх хүмүүст зориулж худалдан авалт хийж өгдөг. Бас зөвхөн өөрийнхөө төлөө амралт чөлөө цагаа өнгөрүүлдэг бусад хүн ч бий.
5-р ЗӨВЛӨМЖ: Та хэнтэй нийлэх дуртай вэ? Та өөрийнхөө дотно найзуудаа ажиглаарай. Тэгвэл та өөрийгөө жинхэнэ утгаар харна. Өөрсдийгөө найз гэж нэрлэчхээд, таны мөнгө, алдар нэр үгүй болохын цагт даруй алга болчихдог олон “танилтай” байснаас, харин үнэхээр танд зориулалт гаргаж чаддаг цөөн хэдэн анд нөхөдтэй байсан нь дээр шүү.
6-р ЗӨВЛӨМЖ: Та хэнийг биширч бахаддаг вэ? Таны баатрууд таны жинхэнэ хэн болох тухай өгүүлж чадна. Учир нь та тэрхүү баатартай толины тусгал мэт адил болохыг хүсэж байгаа хэрэг.
7-р ЗӨВЛӨМЖ: Та юу хараад инээдэг вэ? Явган, ёс бус хошигнол таны хувьд жигшмээр санагддаг уу? Өөрт чинь ямар нэг юм тохиолдох үед та өөрийгөө шоолж инээж чаддаг уу?
Өөрийгөө таньж мэдэх нь тийм ч тааламжтай зүйл биш. Гэхдээ өөрийгөө таньж мэдэх нь чухал шүү.