АМЖИЛТТАЙ ГҮЙХ

АМЖИЛТТАЙ ГҮЙХ

“Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ.” 1 Коринт 9:24

Эрт цагт элч Паул Коринт хотынхонд юу гэж бичсэн тухай би нэлээд их боддог. Тэр үгсээ үзэглэж байхдаа тухайн Коринт хотод явагддаг байсан Исмийн уралдааны дүр зургийг бодолдоо тээж байсан нь гарцаагүй. Учир нь Паул тэр хотод амьдарч, тэр уралдааныг үзсэн билээ. Тэр бичихдээ “Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ. Тэмцээнд өрсөлдөгч бүр бүх талаар биеэ захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титэм хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм” (1 Коринт 9:24-25) гэжээ.
Би Паулын үгнээс нэг мөрийг давтаж уншмаар байна: “Та нар ялахын тулд гүйцгээх хэрэг үү?” Паул мэдээж, уралдаанд гүйх адилтгалыг ашиглаж байхдаа хүн мөнх амийг авахаар тийм байдлаар амьдрах тухай ярьсан нь ойлгомжтой. Түүний онцлон тэмдэглэсэн хоёр тохиолдолд хоёуланд нь хүлээн зөвшөөрөгдөхүйц зүйлийг захирах хууль дүрэм гэж бий. Энэ нь зөвхөн хөнгөн атлетикийн эрх мэдэлтнүүдэд хамааралтай хууль дүрэм биш. Энэ бас Бурханд ч гэсэн хамааралтай. Энэ дүрмийг зөрчих нь уралдаанд оролцох эрхээ хасуулах угтвар нөхцөл болно. Мэдээж Паулын хувьд ялж түрүүлэх нь чухал гэж итгэж байсан. Гэхдээ дүрмийг зөрчих замаар ялалт байгуулах нь туйлын буруу зүйл.
Паул үргэлжлүүлэн хэлэхдээ “Тиймээс би зорилгогүй мэт гүйдэггүй, хий агаар цохих мэт нударгалдаггүй, харин ч бусдад тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ залхааж, боолчилдог” (1 Коринт 9:26-27) гэв.
Паулын ашигласан адокимос (adokimos) гэдэг үгийг “тэнцээгүй” буюу “эрхээ хасуулах”, эсвэл “шалгалтад унах” гэж орчуулжээ. Энэ бол үнэхээр сонирхолтой үг. Үүнийг хот руу оруулахаас өмнө шалгалтад ороод шалгуурыг дагаж орж ирсэн мөртлөө жишигт нийцэхгүй, шаардлага хангаагүй тул хаягдах жимсний тухай өгүүлэхэд хэрэглэсэн үг байсан.
Мэдээж ялж түрүүлэх нь чухал. Гэхдээ та хэрхэн уралдаж гүйж байгаа чинь ч бас чухал. Тэнгэрлэг зорилгод хүрэх утгаар Бурхан яг юу шаардлагатай болохыг маш тодорхой онцолжээ. Та хууль дүрмийн цоорхойг ашиглан орон нутгийнхаа уралдаан тэмцээнд ялж түрүүлж болно. Гэвч амьдрал дээр та дүрмийг зөрчөөд ялж түрүүлнэ гэсэн боломж үгүй шүү. Ариун Бичээсийн нэг бичээч хэлэхдээ “Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой” (Еврей 4:13) гэсэн байна.


ТА ГҮЙХГҮЙ БОЛ ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ НЬ ҮНЭН. ГЭХДЭЭ ТА БУРХАНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ҮЛ ТООМСОРЛОВОЛ ТҮРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ НЬ БАС ҮНЭН.