ЕСҮС ЯГ ЯМАРШУУ ТӨРХТЭЙ БАЙСАН БЭ?

ЕСҮС ЯГ ЯМАРШУУ ТӨРХТЭЙ БАЙСАН БЭ?

“... Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно.” 1 Иохан 3:2

Сайн Мэдээний дөрвөн номыг бичигчид Есүс Христийг яг ямар төрхтэй хүн байсан тухай дэлхийд огт өгүүлээгүй. Гэлээ ч Христийн гадаад төрхийг дүрсэлсэн нэгэн бодит дүрслэл гэж бий. Харин МЭ 32 онд Цезарь Тиберид захидал бичиж байхдаа Иудей мужийн захирагч Паблиус Лентулус дараах дүрслэлийг үзэглэн үлдээсэн:
“Иудей мужид эдүгээ ариун журамт нэгэн хүн амьдарч байна. Түүний нэрийг Есүс Христ гэдэг. Харь үндэстнүүд түүнийг эш үзүүлэгч хэмээн хүндлэн дээдэлдэг. Харин Өөрийнх нь дагалдагчид түүнийг мөнх бус Бурханы үр хүүхэд гэж хайрлан биширнэ. Тэр хүн үхэгсдийг булшнаас дуудан гаргаж, төрөл бүрийн өвчин эмгэгийн гараа нэг хүргээд л эдгээж илааршуулдаг. Тэр хүн нэлээд өндөр, биеийн галбир сайтай. Хуулийг дагамтгай, сүсэг бишрэлтэй нэгэн. Үсний өнгийг тодорхойлоход нэлээд төвөгтэй, үс нь гоёмсгоор долгиолон доош унаж, мушгиралдан мөрийг нь аятайхан хучна. Толгойн оройноос авахуулан хоёр тийшээ хагалсан, Назир хүмүүсийн хэв маягаар урагшаа самнан задгай тавьсан үстэй. Түүний дух өндөр, өргөн, бас сүрлэг. Хацар нь ямар нэг толбо үрчлээгүй, гоёмсог улай бутарсан өнгөтэй. Хамар амь нь төгс төгөлдөр тэгш хэмтэй байрлана. Хууз сахал нь үсний өнгөтэй нь адил, эрүүнээс нь доош унжсан дундуураа яг сэрээ мэт хагалсан байдалтай. Түүний нүд тод цэнхэр өнгөтэй, тунгалаг, бас цэлмэг, харц нь гэмгүй цайлган мөртлөө сүр жавхаатай, эрэлхэг, төлөвшсөн байдалтай.
“Түүний биеийн харьцаа хамгаас төгс, сэтгэл үнэхээр татам. Гар сарвуу нь харахад маш сайхан. Тэр хүн эрхэмсэг байдлаар зэмлэн буруушаахын зэрэгцээ энхрий зөөлөн байдлаар зааж зөвлөдөг. Түүний биеэ авч явах байдал, үг яриа болон үйлс нь цэцэн цэлмэг, бас эрхэм. Түүний хөхөрч инээхийг хэн ч харж байгаагүй. Гэвч түүний зан үйл даруу төлөв бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн. Ерийн бус үзэсгэлэн, тэнгэрлэг төгс байдалтай хүн болох тэр хүний үрсээс аливаа утгаар давуу чанартай билээ.”
Ингээд танд нэгдүгээр зуунд амьдарч байсан гэрчийн дүрслэлийг уншиж өглөө. Есүсийг бараг харсан мэт болсон уу? Гэвч дөнгөж сая миний та бүгдэд хуваалцсан тэмдэглэл жинхэнэ бодит гэдэгт итгэх боломжтой юу?
Сайн Мэдээний ном тус бүрийг бичсэн хүмүүс өөр өөр талаас Есүсийг тусган харуулжээ. Татвар хураагч Матай нэлээд Иудейн үзлийг тусгаж бичсэн бол Марк болохоор Ромын үзэл суртлыг тусган бичжээ. Харь үндэстний эмч Лук магадгүй Сири гаралтай хүн байсан тул Христийг танилцуулахдаа төгс хүнээр, Грекийн үзлийг тусган бичсэн. Харин Есүсийн амьдралын 21 өдрийн үйл явдлыг Сайн Мэдээний номдоо дүрсэлсэн Иохан Есүсийн талаар өгүүлэхдээ Бурхан Хүү, бүхий л цаг үеийн хүн төрөлхтний Аврагч хэмээн бичжээ.
Тэр дөрвийн бичсэн зүйлийг нэгтгэж харвал нэлээд хэмжээний мэдээллийг олж авч болно. Гэвч Есүс яг ямар дүр төрхтэй байсныг огт өгүүлээгүй. Яагаад тэгсэн юм бол? Эндээс харвал Есүсийн хийсэн зүйлс Түүний дүр төрхөөс хамаагүй чухал ач холбогдолтой болохыг Бурхан бидэнд ухааруулахыг хүссэн нь илэрхий. Тийм ч учраас ямар ч зураач  Есүсийн нүүр царай бодитоор ямар байсныг үр хойчдоо зурж үлдээж чадаагүй. Ямар ч барималч Түүний бодит бие төрхийг чулуугаар сийлж, хүрлээр цутгаж хараахан үлдээгээгүй. Тэглээ гээд дэлхий нийтээрээ Түүнийг онгон бүсгүйгээс Бетлехемд мэндэлсэн, Ромын цэргүүдийн гарт загалмайд цовдлуулсан, булшинд тавигдаж, гурав дах өдрөө үхлээс амилсан гэдэг баримтыг үгүйсгэж байгаагүй. Юутай ч байсан энэ бүхнийг хэлэгдэж, хийгдэж дууссаны дараа ч гэсэн Есүсийн үйлдсэн зүйл Түүний дүр төрхөөс мөнхөд илүү чухал ач холбогдолтой үлдэх болно.