ТАНЫ ИТГЭЛ ЁСООР

ТАНЫ ИТГЭЛ ЁСООР

“Та нарын итгэл өчүүхнийх. Үнэнээр Би та нарт хэлье, гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно” Матай 17:20

“Мянга сонсохоор нэг үз” гэж эртний нэг зүйр үг бий. Гэвч Бурханы үзлээр бол үүнээс эрс эсрэг зүйл үнэн болно. Аливааг үзээгүй байж итгэх нь сүнслэг харааг маань нээдэг. Ингэснээр бидний тархи сөрөг бодлоос цэвэрлэгдэнэ.
Есүс Иерихо тосгоноос дөнгөж гараад Иерусалим өөд замнахаар явж байтал хоёр сохор хүнтэй тааралдав. Тэд Түүнд хандан “Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч!” гэж хашхирцгаасан. Есүс үүнийг сонсоод шууд зогсов. Нийгмийн байр сууриар хэмжвэл тэд тийм ч чухал хүмүүс байгаагүй. Үнэндээ хэн ч тоогдохооргүй хүмүүс байсан боловч Есүсийн хувьд ач холбогдолтой байсан.
Тэдний яг юу хүсэж байгааг Есүс мэдэж байлаа. Түүнийг нь өгөхөд ч бэлэн байсан. Есүсийг өвчтэй, эрэмдэг хүмүүсийг эдгээж чаддаг тухай тэд бишгүй сонссон. Харин Есүс тэднээс “Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу?” гэж асуув. Тэд хариулахдаа “Тийм ээ, Эзэн” гэлээ. Тухайн үйл явдлыг нүдээрээ харсан гэрч Матайн өгүүлснээр Есүс тэдэнд гар хүрч “Итгэлийн чинь дагуу болог!” гэж хэлжээ.
Яагаад нийгмийн хог шаар гэгдэх, магадгүй жинхэнэ боловсрол гээч юмыг огт эзэмшээгүй зүгээр л гудамжны гүйлгээ ухаанд суралцсан тэр хоёр сохор хүн итгэж чадсан бэ? Тэгтэл Есүсийн цаг үеийн оюунтан ухаантнууд яагаад үл итгэл гэдэг бартаанд бүдэрч ямар ч итгэл үгүй хоцорсон юм болоо?
Бурханд итгэх итгэл таны тархи оюунаар няцаагдахгүй. Та өөрөө бодон байж үүнийг үгүйсгэх боломжгүй. Харин итгэл гээч зүйл өөр талбар, өөр төлөв дотор ажилладаг.
Итгэл бол зүгээр л Түүний Үгэнд итгэх явдал. Итгэл бол Бурхан үүнийг хэрхэн үйлдэхийг ойлгох гэсэн оролдлого биш. Зүгээр л Бурхан хийх болно гэдэгт л итгэхийг хэлнэ. Есүсийн цаг үеийн ухаантнуудын хувьд Бурхан эгэл итгэлийг эрхэмлэн дээдэлсэн явдал ямар ч утгагүй санагдаж байсан байх. Тэдний үзлээр бол Бурхан зөвт амьдралыг буюу өршөөл энэрлийн болон шударга үйлсийг дээдэлдэг байсан. Тэгж үзэх нь буруу юу? Буруу биш л дээ. Гэхдээ Есүс заахдаа Бурханы үйлдэх зүйлс бидний үйлдсэн сайны хариуд хийж буй юм биш гэж сургасан.
Паул үүнийг маш тодорхой илэрхийлж: “Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм” гэж бичжээ. (Tит 3:5)
Итгэнэ гэдэг нь амьдралын шинэ талбар дээр хөл тавихыг хэлнэ. Итгэлийг Бурхан эрхэмлэн дээдэлсээр байна. Итгэнэ гэдэг нь асуудлыг үгүйсгэх нэрийдэл биш. Зүгээр л Бурхан тэр асуудлаас илүү хүчтэй гэдэгт итгэхийг хэлнэ. Мөн Тэр Өөрийнхөө энгийн амлалтуудаа эрхэмлэж биелүүлнэ гэдэгт итгэхийг хэлнэ. Тэгвэл “Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу?” гэсэн асуултад та ямар хариулт өгөх вэ? 


                            ИТГЭЛИЙН ЧИНЬ ДАГУУ БОЛОГ!