Амьдралын минь уй гашууг хуваалцсан нь

Амьдралын минь уй гашууг хуваалцсан нь

Олон үндэстэн ястны өлгий Ховд нутгаасаа мэндчилж байна. Миний бие бага залуугаасаа аймгийнхаа хөгжим драмын театрт ажиллаж, алив наадмын нээлт, арга хэмжээг хөтөлдөг байлаа. Гавьяаны амралтаа авснаас хойш хэдэн ач зээгээ харж суудаг ажилгүй эмгэн болов оо гэж боддог байлаа. Харин Ховдын радиогийнхаа нэг нэвтрүүлгийн сурталчилгааны хоолой бичлэгт орж, Бурханаас заяасан энэ өчүүхэн авьяас билиг чинь ор мөргүй алга болчихдоггүй юм байна гэж мэдэж авлаа. Радиогийн хөтлөгчидтэй танил дотно болж нутагт маань цацагддаг ногоон радиотой болсон. 
Өдөртөө онцын хийх юмгүй хөгшин хүн чинь радиогоо л асаалттай нь байлгана. Би “Библийн хуудсаар” нэвтрүүлгийг сонсох дуртай. Бурхан дэлхий ертөнцийг төгс сайхнаар бүтээсэнд баярладаг. Залуу байхад ээж минь “Сангийн хэрэм дотор байдаг гурван улиасанд очиж мөргүүлээд сайн хань гуйх хэрэгтэй” гэж зөвлөж байсан. Харин хожим нь архи уудаг, гар хүрдэг хүнтэй сууж амьдралын хатууг туулсан. Амь насаа хорлох хүсэл ч төрж байлаа. Харин Эзэн Есүст итгэснээс хойш амьдрал минь харьцангуй амар тайван болсон.
Радиогийн нэвтрүүлгийг сонсоод Бурханы зан чанар, библийн түүхүүдийг илүү тодорхой ойлгож авч байгаа. Нөхөр маань одоо хүртэл Есүст итгэлээ өгөөгүй л дээ. Гэхдээ радиогийн “Библийн хуудсаар” нэвтрүүлгийг сонсоход дургүйлхдэггүй юм. 
Бурхан Өөрийн цор ганц Хүүгээ ертөнцийн хүмүүсийн төлөө өгсөн гэж “Библийн хуудсаар” нэвтрүүлгийн багш тайлбарлаж ярихыг сонсоод орчлонгийн жамаар өөрөөсөө түрүүлж хүүгээ өвчнөөр алдахын уй гашууг мэддэг болохоор надад Бурханы зүрх сэтгэлийг илүү ихээр ойлгож, сэтгэлээ тайвшруулахад их дэм болсон. Тийм болохоор их талархаж, баярлаж явдаг. Итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр гэдэг болохоор гэр бүл, ойр тойрныхон маань Бурханаас авралыг хүлээн авна гэдэгт итгэж байна.