БИ ЧАМД ХАЙРТАЙ

БИ ЧАМД ХАЙРТАЙ

“Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм.” 1 Иохан 3:1

Зарим эрчүүдийн хувьд “Би чамд хайртай” гэдэг үгийг хэлэхэд их хэцүү байдаг. Бёрт Салва гэдэг хүн өөрт таалагддаг Мери Шимински гэдэг эмэгтэйд хайртай гэдгээ итгүүлэх их хүнд байжээ. Бараг дөрвөн жилийн турш Бёрт Меритэй болзсон ч түүний хичээл зүтгэл огт үр дүнгээ өгсөнгүй. Үнэндээ бүсгүй “Намайг тайван орхиоч, Би чамайг цаашид харахыг хүсэхгүй байна” гэсэн хандлагатай байсан. Тиймээс ч Мери утасны дугаараа өөрчилж, нэлээд алслагдсан бөглүү газар амьдардаг эцэг эхийнхээ гэр рүү нүүжээ. Гэвч Бёрт шантарч няцсангүй. Бүсгүйд үнэхээр хайртай байсан тэр түүнд хайраа мэдүүлэхийг хүсжээ. Бүсгүйн байгаа ерөнхий бүс нутгийг мэдэх боловч түүний яг хаана байгааг мэдээгүй. Бёрт зөвхөн бүсгүйн ажилдаа явдаг замын чиглэлийг л мэддэг байв. Гэнэт түүнд нэг санаа төржээ. “Би чамд хайртай” гэдэг үгээ хүргэхийн тулд Меригийн амьдарч байх магадлалтай газрын ойролцоох хурдны зам дагуу байдаг төмөр замын гүүр өөд гурван давхар байшингийн өндөрт авирч гараад, тэнд үгээ бичжээ.
Бүсгүй тэр үгийг хараад хэн бичсэнийг шууд л мэдэв.
Америк хөл бөмбөгийн тоглолтын сүүлийн гурван секундэд довтлогчийн амжилттай бөмбөг шиг Бёртын цөхрөнгөө барсан тэрхүү үйлдэл бүсгүйн анхаарлыг татаж, түүний сэтгэлийг эцэст нь эргүүлжээ. Ингээд Мери түүнтэй холбоо барьж, сарын дараа гэрлэлтийн саналыг нь хүлээн авсан. “Би чамд хайртай, Мери Шимински” гэдэг үг эзэндээ хүрчээ.
Сэтгэл мэдрэлийн эмч Виллиам Глейссэр хэлэхдээ “Зөвхөн хайрыг өгч, хайрыг авснаар дамжуулан таны дотоод сэтгэлзүйн хэрэгцээнүүдийн нэг нь хангагдаж чадна” гэдэг. Хүний уушгинд хүчилтөрөгч, бие махбодод илчлэгтэй хоол хүнс хэрэгтэй байдгийн адил хүмүүний хэвийн оршин тогтнолд ХАЙР хэрэгтэй байдаг. Та ч бас зүрх сэтгэлдээ тэрхүү дотоод хэрэгцээг тээсээр явж байгаа.
Гэтэл бодит амьдрал хатуу хэрцгий билээ. Олонх эмэгтэйчүүдэд Бёрт Салва шиг хүн заяадаггүй. Хэлье гэсэн үгээ учирлахын тулд гурван давхар байшингийн дайтай төмөр замын гүүрнээс дүүжлэгдэхэд бэлэн тийм залуу бүгдэд байхгүй. Зарим бүсгүй өөртэй нь гэрлэсэн хүнээс өөрийг нь өөрчлөх энэ гурван үгийг хүлээсээр цөхөрдөг. Гэвч тэр үгсийг хэзээ ч сонсож чаддаггүй. Хаа нэгтээ тэр хайр нь гандаад үхчихсэн байдаг.
Өөр хэсэг хүн ганцаараа амьдарч, бусдаас тусгаарлагдсан, гологдсон мэдрэмжийг тээсээр. Гэтэл таныг үнэхээр хайрласан Нэгэн бий. Тэр Нэгэн хайрынхаа үгийг учирлахын тулд гайхмаар зүйлийг хийсэн. Иохан бичихдээ “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул…” бидний дэлхий гариг руу Өөрийн ганцхан Хүүгээ илгээв. Тэрхүү хайрыг үзүүлсэн Эцэгийн үг мэдээг тээлгэн Хүүг илгээсэн.
Нөхрийн эсвэл эхнэрийн хайр чухал байх нь гарцаагүй. Гэхдээ байнгын, хувиршгүй хайраар дүүрэн БУРХАН ТАНЫГ ҮРГЭЛЖ ХАЙРЛАНА гэсэн бодит байдал хамаагүй их ач холбогдолтой. Хайр үгүй, аюултай энэ дэлхий дээр танд амар амгалан, тайвшралыг өгнө.