ЧИ НАДАД ХУДАЛ ЯРЬЖ БАЙНА

ЧИ НАДАД ХУДАЛ ЯРЬЖ БАЙНА

“Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр ‘Энэ бол миний охин дүү’ гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ.” Эхлэл 26:7

Ребекагийн амьдарч байсан цаг үеийн нийгэмд олон эхнэр авах ёс заншил байсан. Тэр нийгэмд эмэгтэйчүүдэд өмч мэтээр хандаж, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг алт, мөнгөөр худалдан авдаг байжээ. Ребекагийн нөхөр Исаак үүнийг дэндүү сайн мэдэж байжээ. Тиймээс хүмүүс түүнээс “Энэ эмэгтэй хэн бэ?” гэж асуухад тэр айсандаа худлаа ярьжээ. Тэр эхнэрийнхээ тухай “Тэр бол миний эмэгтэй дүү!” гэв. Яагаад болохгүй гэж? Хэн ер нь дайсандаа бүх үнэнийг хэлдэг гэж? Үнэндээ, нэг үеийн өмнө амьдарч байсан түүний аав Абрахам түүний ээжийг хамгаалахын тулд үндсэндээ ижил үйлдэл хийж байжээ. Энэ хоёр түүхийг та Библийн Эхлэл номоос уншиж болно. Хэн нэгнийг хамгаалахын тулд худлаа ярих энэ асуудал бол шинэлэг асуудал биш. Гэтэл шударга бус байдал хүмүүсийн хоорондын харилцааг улам аюулд хүргэдэг. Миний ярьж өгсөн түүх бараг 5000-аад жилийн өмнө болсон. Гэтэл энэ асуудал үнэхээр цаг үеэ олсон асуудал. Танай эхнэр хөрштэйгөө юмуу хамгийн сайн найзтайгаа хамгийн сүүлд уулзсан үед бас ийм асуудал бий болсон байж магадгүй шүү.
Заримдаа хүмүүс надад “Үнэн их шархлуулдаг” гэж хэлж, худал хуурмагийн замаар яагаад явах болсноо тайлбарлах гэж их хичээдэг Би ч санал нэгдэж “Мэдээж, үнэн их шархлуулдаг!” гэдэг. Гэвч худал хуурмагийн үр дагавар, мөн эцсийн эцэст баригдахын үр дагавар үнэнээс ч илүү шархлуулна. Хамаагүй илүү өвтгөнө. Нэг юмуу хоёр өөр хүнийг хамруулсан гэмшиж улайгаагүй зүйл эцсийн эцэст олон нийтэд зарлагдах мэдээ болдог. Тэр үед өвдөлт, ичгүүр асар ихээр нэмэгдэнэ.
Эхлээд Абрахам, дараа нь нэг үеийн хойно түүний хүү Исаак худлаа ярихдаа тэд гашуун туршлагаасаа нэг зүйлийг маш сайн сурсан. Үнэндээ Бурханы хамгаалалт, санаа тавилт болон уучлал тэдэнд болон хууран мэхлэлтийн занганд орсон бусдад хамаагүй бага зовлон шаналгааг авчирдаг болохыг тэд сурчээ.
Энэ хэдэн өдөр би Сургаалт үгс номд байх нэгэн сэтгэл хөдөлгөм хэсэгт анхаарал тавьж иржээ. Тэдгээр эшлэл дээр Бурханы үзэн яддаг зургаан зүйл буюу Түүний жигшдэг долоон зүйлийг номыг бичсэн хүн жагсаасан. Худлаа ярих бол тэрхүү жагсаалтын хоёрдугаарт ордог зүйл. Нөхөрлөл дотор ч бай, ажил албан дээр ч бай, эсвэл хань ижилтэйгээ дотно харьцаанд орох үед ч туйлын үнэнч байдаг бол тухайн харилцааг өсгөх, тогтвортой болгох цорын ганц орц найрлага.
Бурханы үзэн яддаг зан чанарын алдаа дутагдлын жагсаалтыг хараад, дараа нь Библид гардаг агуу эрчүүд эмэгтэйчүүдийг энэ жагсаалтын дагуу би жишиж үзсэн. Тиймээс би Дуулал номыг бичсэн хүнтэй санал нэгдэж Эзэн “... Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг” гэж хэлэхээс өөр аргагүйд хүрч байна. (Дуулал 103:14).