БУРХАНЫ ҮЗЭН ЯДДАГ ЗҮЙЛСИЙН ТӨЛӨӨХ УУЧЛАЛ

БУРХАНЫ ҮЗЭН ЯДДАГ ЗҮЙЛСИЙН ТӨЛӨӨХ УУЧЛАЛ

“Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод нөхрийнхөө төлөө гашуудав. Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв.” 2 Самуел 11:26-27

“ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад, тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ” гэж Соломон хаан 3,000 жилийн өмнө хэлжээ. Тэрхүү жагсаалтын гуравдугаарт болон дөрөвдүгээрт орсон буруу явдлыг Библид “гэмгүйн цусыг урсгагч гар” болон “гэм хортой санааг сэдэгч зүрх”-ийг гэм нүгэл гэж нэрлэсэн.
Соломон энэ жагсаалтаа бичихдээ өөрийнхөө гэр бүлийн нөхцөл байдлыг бодолцсон эсэхийг мэдэхгүй. Ялангуяа түүний аав ээжийг хамруулсан нөхцөл байдлыг тэр бодож үүнийг бичсэн ч байж магадгүй. Түүний аав нь Давид хаан, түүний ээж нь Батшеба гэдэг эмэгтэй байжээ. 2 Самуел 11:1-р эшлэл эхлэхдээ “Хавар цаг, хаад дайнд морддог үеэр...” Давид дайнд явалгүй гэртээ үлдсэн тухай өгүүлжээ. Нэг орой тэр ордныхоо дээвэр дээр салхилж байхдаа нэг үзэсгэлэнтэй эмэгтэй усанд орж байхыг харсан. Тэр эмэгтэй эцсийн эцэст Соломоны ээж нь болов. Давид Батшебаг дуудуулж түүнтэй унтаж хэвтсэн тухай түүхийг та санаж байна уу? Гэтэл дараа нь Батшеба завхайрсан тэрхүү харилцааны улмаас жирэмсэн болжээ. Тэгэхэд Давидын мөс чанар дотроос нь нэлээд зовоож эхэлжээ. Батшеба өөр хүнтэй гэрлэсэн, түүний нөхөр нь үнэхээр сайн хүн байсан. Давидын хувьд Батшебаг эхнэрээ болгож авахын тулд түүний нөхөр Уриаг үгүй болгох хэрэгтэй байжээ. Үгүй болгохдоо үүнийг осол мэт харагдуулах хэрэгтэй байсан. Энэ тухай библиэс дэлгэрүүлж уншаарай.
Хэрэв гэм хортой санааг сэдсэн, бас гэмгүй цусыг урсгасан хүнийг дурд гэвэл Давид хааныг хэлэх нь зүйтэй. Учир нь Батшеба бүсгүйн хууль ёсны нөхөр Уриагийн үхэлд Давид хаан бүрэн дүүрэн хариуцлагыг үүрвэл зохино.
Магадгүй та Давид гэдэг чинь дүүгүүрээ аваад Эзэний нэрээр Голиат гэдэг аварга биетэнтэй тэмцсэн өнөөх хүү биш билүү? Давид чинь “Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч хор муугаас би үл айна. Та надтай хамт...” гэж бичсэн хүн биш билүү? (Дуулал 23:4) Мөнөөс мөн. Энэ олон асуултын хариу бол тэр мөн.
Та хэсэг хугацаанд Бурханы үзэн яддаг зургаан зүйлийг тунгааж үзээд, дараа нь Давидын амьдралыг хараарай. Энэ бүхий л алдаа дутагдлын жишээ Давидын амьдралд байсныг та харна. Тэр бардам, ихэрхсэн зантай байжээ. Тэр худлаа ярьсан. Түүний гар гэмгүй хүний цусыг урсгасан. Түүний зүрх гэм хортой санааг сэдэж, Уриаг тулааны тэргүүн талбарт аваачиж, цэргүүдэд түүнийг орхиод явж дайсны гарт өгөхийг тушаасан. Түүний хөл ёрын мууд яаран гүйсэн. Бас хүсэж тачаадсан эмэгтэйгээ тэр хэргээр өвтгөж зовоосон.
Хэдийгээр Соломон хаан аав ээжийнхээ завхайрсан харилцааг шууд дурдаагүй ч тэдний үйлдсэн буруу зүйлийг дагах үр дагаврыг тэр бодсон байсан нь гарцаагүй. Давид болон Батшеба нарын хайраас бий болсон өөрийнх нь ах нялхдаа нас барсан. Нүглийн үр дагаварт аав ээж нь олон түмний өмнө ичгүүр болсон. Бас эцэг Давидынх нь үйлдсэн зүйлээс болж өөрийнх нь гэр бүлд олон зөрчил хямрал бий болсон.
Гэвч би нэг зүйлийг өнөөдөр танд ойлгуулахыг хүсэж байна. Бидний буруу үйлс юу байсан ч хамаагүй тэдгээрт уучлал бас бидэнд эдгэрэл гэж зайлшгүй бий. Дуулал номыг бичсэн хүн, магадгүй Давид өөрөө өгүүлэхдээ “ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? Харин Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ.” гэсэн байна. (Дуулал 130:3-4) Давид бузар үйлсийнхээ үнийг төлж барсан. Их өндөр үнийг төлсөн. Гэвч гэмшилтэйгээр өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы өмнө уудалсан. Тэгээд Бурханаас авралынх нь баяр хөөрийг сэргээж өгөхийг гуйсан. (Дуулал 51-р бүлгийг хараарай)
Хэрэв Бурханы үзэн яддаг зүйлсийг та өөрийнхөө дотроос харж байвал Давидын үйлдсэн зүйлийг та ч бас хийгээрэй. Гэм буруугаа эхлээд гэмшин улайгаарай, тэгээд гэм нүгэл үйлдэхээ больж, хүмүүн сул дорой байдлаа даван туулах хүчийг Бурханаас олж аваарай. Нигүүлсэл гэж яг үүнийг хэлдэг.