ЭЗЭНИЙ ҮЗЭН ЯДДАГ ЗУРГААН ЗҮЙЛ

ЭЗЭНИЙ ҮЗЭН ЯДДАГ ЗУРГААН ЗҮЙЛ

“ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад, тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ.” Сургаалт үгс 6:16

Олон зууны өмнө Соломон гэдэг хаан хүмүүн төрөлхтний алдаа эндлийг эргэцүүлэн бодож, Бурхан зарим нэг юмыг бусдаас илүүтэй үзэн яддаг тухай бичжээ. Түүний бичсэн зүйлс бол “Дээгүүр хардаг нүд, худал хэлдэг хэл, гэмгүйн цусыг урсгагч гар, гэм хортой санааг сэдэгч зүрх, ёрын мууд яаран гүйгч хөл, гүжирддэг хуурамч гэрчлэгч болон ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.” (Сургаалт үгс 6:17-19).
Хүний үзэн яддаг зүйл болон Бурханы үзэн яддаг зүйл заавал адил байх албагүй. Бид ялагдаж хоцрохыг үзэн яддаг. Харин Бурхан хүмүүсийг шударга бус байдлаар ялалт байгуулахыг нь үзэн яддаг. Бид аливаад хамааралтай байх маш дуртай. Гэтэл хүмүүс нэг нэгнээ ерөнхий жишгээр, хөнөөлтэйгөөр голохыг Бурхан үзэн яддаг. Бид бусдыгаа муу муухай байдлаар харагдуулж, үнэнийг гуйвуулах болсон ч нэр нүүрээ авч гарахыг хичээдэг. Харин Бурхан хүмүүсийн шударга бус байхыг үзэн яддаг.
Соломон хэлэхдээ хүмүүний зан үйлийн энэ долоон сөрөг чанарыг Бурхан зөвхөн үзэн ядаад зогсохгүй тэдгээр нь Түүний хувьд жигшүүр байдаг гэжээ.
Гэтэл энэ эшлэлд Соломоны онцлон хэлсэн долоон бузар зүйл нь нийгэм болон хүмүүн төрөлхтний бүтэц байгууламжийг сүйрүүлдэг. Шударгаар хэлэхэд, би энэ жагсаалтыг олон зуун удаа уншиж өнгөрсөн. Гэвч саяхан цаг гарган үүнийг тунгааж бодсон чинь зарим нэг бузар үйлс болох хүн алах, завхайрах, хулгай хийх, мөн дайн дажин гэх мэт нь энэ жагсаалтад ороогүй болохыг анзаарсан. Сая дурдсан зүйлс Эзэний хувьд жигшүүртэй биш учраас энд багтаагаагүй юм биш. Эд нар ч гэсэн бузар муу зүйлс мөн! Миний эш татсан энэ номын энэ хэсэгт Соломон үнэндээ завхайрал ямар бузар болохыг сэрэмжлүүлсэн. “Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадна гэж үү? Хөлөө түлэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадах уу? Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу...” (Сургаалт үгс 6:27-29). Соломоны ээж Батшеба завхайрлын харилцаа ямар их харш, зүрхний өвчнийг тээдэг болохыг өөрийн гашуун туршлагаасаа мэдсэн билээ. Гэвч Соломон энэ хэсэгт бузар муу үйлдэлд хүргэдэг бидний бодол санааг илүүтэй онцолж ярьжээ.
Эдгээр долоон гэм нүгэл хүний үйлийг гэхээс илүү зан чанарын алдаа дутагдлыг цогцлоон тэмдэглэжээ. Бардам зан, шударга бус байдал, худал хуурмаг явдал, мөн хуурамч мэдүүлэг өгөх явдал эцсийн эцэст бузар муу үйлд хүргэдэг. Бараг бүх гэм нүгэл нэгхэн бодлоос эх авдаг. Харин таны тэр бодол хазайж буруудах үед та бузар муу үйлээ өмгөөлж эхэлдэг. “Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү. Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү” гэж Сургаалт үгс 28:13 дээр хэлжээ.
Цөөхөн хэдэн хормын турш хүний зан чанарын энэ долоон алдаа эндлийг жишгээ болгон Бурханы хүссэн хэм хэмжээнд хүрч амьдарч чадаж байгаа үгүйгээ шалган өөрсдөөсөө асууцгаая. 1-рт, “Дээгүүр хардаг нүд” буюу өөр нэг орчуулгад хөрвүүлсэн ёсоор “бардам харц”. 2-рт, “Худал хэлдэг хэл” буюу үнэнийг хэлж чадахгүй асуудал. 3-рт, “Гэмгүйн цусыг урсгагч гар”. 4-рт, “Гэм хортой санааг сэдэгч зүрх” буюу ондоо хүний эсрэг хуйвалдах явдал. 5-рт, “Ёрын мууд яаран гүйгч хөл”. 6-рт, “Гүжирддэг хуурамч гэрчлэгч”. 7-рт, “Ах дүүст зөрчлийг тараагч” хүн.
Хэзээ нэгэн цагт Бурхан хүн бүрээс гэмийнх нь хариуцлагыг нэхнэ. Хэрэв тийм бол Түүнийг юунд маш дуртай, юуг үзэн яддаг болохыг мэдэх нь дээргүй гэж үү? Тэгснээр та ялагчдын эгнэгт багтана. Энэ сургамж ямар ч хэлнээ хөрвүүлсэн утга учиртай сургамж шүү.