ГЭРЭЛ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

ГЭРЭЛ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

“Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл.” Дуулал 119:105

Нэгэн нүүрсний уурхайчин ослын улмаас газрын гүнд гацжээ. Түүнд байсан гэрэл нь дээрээс нь унаж ирсэн чулуу хогны доор булшлагдсан мэт алга болсон байв. Харин уурхайчны гар нь чөлөөтэй байжээ. Нэг хөл нь том дүнзэнд даруулчихсаныг мэдэв. Тэрээр анхны сандарлаа давж гараад өөрийгөө нэлээд шархадсан, бас их айж байгаагаа мэдсэн. Хэн айхгүй байх билээ дээ?
Урт удаан хором мөчүүд сунжирсаар хэдэн цаг болов. Гэтэл алсад лоом болон хүрзний ухах чимээ гарахыг уурхайчин сонсжээ. Аврагчид хамаг хүчээ шавхан түүнийг чөлөөлөхөөр мэрийж байлаа. Аврагчид түүн рүү нэлээд ойртоход уурхайчин тэдэнд “Би тийм ч их бэртээгүй. Эхлээд бусад хүмүүсийг хайж олоод, дараа нь намайг ухаж гаргасан дээр” гэв.
Аврагчид түүнд “За тэгье. Гэхдээ эхлээд бид чамд гар чийдэн, уух юм өгье” гэлээ. Ингээд уурхайчин чийдэнг аваад, дүнз мод болон чулуунд дарагдсан хөл рүүгээ тусгажээ. Тэгснээ тэр “Намайг эндээс хурдан гаргаач ээ! Би аймаар гэмтсэн байна” гэж бархирав.
Тэгвэл өөрийнхөө сүнслэг нөхцөл байдлыг олж хараад, харсан зүйлдээ сэтгэл тийм ч хангалуун биш байх хүн яг тэр уурхайчин шиг байх юм болов уу.
Есүсийн айлдсан дараах үгийг бодоод үз дээ: “Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй.” (Иохан 3:19-20)
Зөөлөн гэрэл аливаа юмыг илүү сэтгэл татам, илүү романтик уур амьсгалтай болгоно. Гэхдээ зөөлөн гэрэлд хүн аливааг яг байгаагаар нь хардаггүй. Гэрэл сүүдрийн хослол уран сайхны зураг авалтад хэрэгтэй зүйл байж болно. Гэвч мэс ажилбарын үед эмч нар хийж байгаа зүйлээ тод харах ёстой учир хурц гэрэл хэрэгтэй.
Библид бидний асуудал яг юу болохыг өгүүлсэн. Бид гэмд унасан мөн чанарынхаа хог новшинд ямар ихээр бэртэж гэмтсэн, бас хэчнээн их тусламж хэрэгтэйг энэ ном харуулдаг. Бидний асуудлыг энэ номд гэм нүгэл гэж нэрлэсэн. Энэ үгийг өнөөгийн хүн бид хэрэглэхээс зайлсхийдэг.
Нэг Сайн Мэдээ бий. Тусламж, уучлал болон амьдрал өөрчлөгдөнө гэсэн найдвар гэж бий. Давид дуугаа өндөрсгөн “ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? Харин Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ” гэж хашхирсан. (Дуулал 130:3-4)
Библи бол үнэхээр бодит их хурц тод гэрэл. Танд зөвхөн бодож байгаагаар чинь биш, харин үнэхээр байгаагаар чинь өөрийгөө харахад энэ ном тусална. Мэдээж өөрийгөө байгаагаар хараад сэтгэлээр ихэд унах тул энэ тухайд ямар нэг юм хийх шаардлага гарна.
Танаас нэг асуулт асууя. Мөнх хугацааны гэрлээр гэрэлтүүлээд харахад таны нөхцөл байдал ямар байна вэ? Танд уучлал үнэхээр хэрэгтэй байна уу? Аливаа бүхнийг мэддэг Бурханы өмнө хэрэв та зогссон бол өөрт чинь таалагдахгүй зарим юмаа Түүнээс нуух юмсан гэж та хүсэх байсан уу?
Давид юу гэж хэлснийг санаарай. “Харин Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ”  Өөрийгөө яг байгаагаараа харсан өнөөх уурхайчныг бүү мартаарай. Хэзээ нэгэн цагт та ч бас тэгж харах болно гэдийг санаарай.