БУРХАН БОЛ ГЭРЭЛ

БУРХАН БОЛ ГЭРЭЛ

“Тэр [Христ] биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.” Колоссай 1:13-14

Төрөх эмнэлгээс шинэ төрсөн хүүхдээ гэртээ авчраад, дөрвөн настай эгчтэй нь уулзуулав. Гэтэл эгч нь шууд л бяцхан дүүтэйгээ хоёулхнаа үлдэхийг хүсжээ. Эцэг эх нь нялх дүүгээ янз бүр болгочхож магадгүй гэж эмээсэн ч хүсэлтийг зөвшөөрөв. Өрөөнөөс гараад нэг хором болоход охин нь нялх дүүдээ юм шивнэхийг сонсов. Эгч нь дүүдээ “Надад Бурханы тухай яриач. Би улам мартсаар байна!” гэж шивнэжээ.
Балчир хүүхэд үнэн ярьдаг нь энэ дээ! Бүх нялхас Бурханаас ирдэг гэж үзсэн балчир охин Бурханы тухай мэдэхийг хүсжээ. Тэр Бурханыг улам мартсаар байна гэсэн. Энэ үгс нь өнөө цагийн маш олон хүний сэтгэл дэх цөхрөлийн үгийг тусгаж байна. “Надад Бурханы тухай ярьж өгөөч. Би улам мартсаар байна!” гэж.
Та харанхуй шөнийн тэнгэр дэх үй түмэн оддыг хараад “Бурхан, та ямаршуу вэ?” гэж асуулаа гэж бодъё. Бурхан танд юу гэж хариулах бол? Энэ асуултын хариултыг Шинэ Гэрээн дэх хоёр тодорхой өгүүлбэрээс харж болно. Есүстэй хамт алхсан арван хоёр шавийн нэг болох Иохан хэлэхдээ Бурхан бол ХАЙР, бас Бурхан бол ГЭРЭЛ гэсэн. Нэгдүгээр угтвар нөхцөлд Бурханы бидэнтэй харилцах харилцааг тусгажээ. Хоёрдугаар угтвар зүйлд Бурханы мөн чанар болон зан чанарыг дүрсэлсэн.
Иохан нэгдүгээр захидлаа амьдралынхаа нэлээд төгсгөлд бичжээ. Тэнд Иохан үзэж туулснаа эргэн харж, тунгаан бодоод “Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.” (1 Иохан 1:5) Ямар агуу тунхаглал вэ!
Христээс долоон зууны өмнө амьдарч байсан эш үзүүлэгч Исаиа цаг хугацаа, эрин зууныг алгасан харж, Галил нуурын эрэг дагуу, мөн Иордан голыг дагаж алхах Нэгэний тухай өгүүлжээ. Тэр ингэж хэлсэн: “Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав.” (Исаиа 9:2)
Есүс Өөрийгөө тэр гэрэл мөн гэж батлав. Тэр зүгээр л “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм!” гэж айлдсан. (Иохан 8:12) Гэвч Есүс үүгээр зогсоогүй. Дахин нэг тунхаглал хийсэн нь бүр ч илүү зориг зүрх шаардсан тунхаглал байжээ. Тэр айлдахдаа Өөрийг нь дагадаг хүн ч мөн харанхуй дотор явахгүй гэжээ. Бурханаас өөр хэн ч ийм тунхаглалыг хэлж, бас хэлснээ баталж чадахгүй. Энэ бол мэдээж гол асуудал байсан. Хэрэв Бурхан гэрэл мөн, харин Есүс Эцэгээс ирснээ тунхагласан юм бол, тэгвэл Тэр ч бас адилхан мөн чанартай гэдэг нь гайхах зүйл биш байжээ.
Шинэ Гэрээний теологич эрдэмтэн Паул дэлхийг харанхуйн хаанчлал гэж дүрсэлсэн. Харин тэр хэлэхдээ Есүс Христэд итгэснээр хувь хүн гэрлийн хаанчлал руу шилжиж харьяалагддаг гэжээ. Тэр үүнийг дараах үгээр хэлжээ: “Тэр [Христ] биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.” (Колоссай 1:13-14)
Хэрэв гэрэл болон харанхуй өнөөдөр ч гэсэн хүмүүсийн сүнсийг булаацалдан тэмцэлдэж байгаад та эргэлзэж байгаа бол бидэнд дэлхийн 100 гаруй улс орноос ирдэг захидлуудыг та уншаарай. Мансууруулах бодист донтсон хүмүүсийн цөхрөлийг яаж илүү ихээр дүрслэх вэ? Хань ижил нь “чамайгаа ‘үхэл салгах хүртэл’ хайрлана, энхрийлнэ, бас хамгаална” гэж ам өчгөө өгчхөөд дараа нь хаяад явсан байхад, үлдсэн нэгний аймшигтай ганцаардлыг өөр ямар үгээр илэрхийлэх вэ? Мөн үйлдсэн гэм нүглийнхээ төлөөх уучлалыг хэзээ ч авч чадахгүй гэсэн мэдрэмжийг тээсээр байгаа нэгний ачааг өөр юугаар дүрслэн ярих вэ?


ӨНӨӨГИЙН ХАРАНХУЙ ДЭЛХИЙД ГЭРЭЛ БАЙГААД БУРХАН ТАЛАРХАЖ БАЙНА.