ТА НАДАД ИРЭЭДҮЙГ МААНЬ ХЭЛЖ ӨГНӨ ҮҮ?

ТА НАДАД ИРЭЭДҮЙГ МААНЬ ХЭЛЖ ӨГНӨ ҮҮ?

“Филистчүүдийн хуаранг Саул үзээд ихэд айж зүрх нь үлэмж цочирдов. Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд ... хариу өгсөнгүй. Тэгэхэд Саул зарц нартаа ‘Надад сүнс дуудагч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя’ гэв...” 1 Самуел 28:5-7

Утас дуугараад Жанетт Арагон харилцуураа аваад хариулахад залгасан хүн түүнээс “Та надад ирээдүйг маань хэлээд өгч чадах уу?” гэв. Жанетт ихэд гайхаж, хэн нэгэн өөрөөр нь тоглоод байна даа гэж бодсон. Учир нь Илгээлтийн Нэгдэл гэдэг Христитгэлийн байгууллагын нарийн бичгээр ажилладаг түүнд болор бөмбөлгөөр юмуу хөзрөөр мэргэлэх ямар ч туршлага байгаагүй шүү дээ. Гэвч утасны цаана байсан хүн тоглоогүй нь илт байлаа. Жанетт түүнээс “Та манай утсыг хаанаас авсан бэ?” гэж лавласан.
Утасны дугаар нь нэгэн шар сонин дээр байсан гэнэ. Нөгөө эрэгтэй утасны цаанаас зарыг Жанеттед уншиж өгөв: “Испани хөзрөөр мэргэлнэ... хайр болон мөнгөний тухай бүхий л асуултад хариу өгнө. [Мөн] ирээдүйг урьдаас хэлж өгнө...” Тэгээд нөгөө эр утасны дугаарыг бас уншиж өгчээ. Зарыг шивж оруулсан ажилтан алдаа гаргаж, Илгээлтийн Нэгдлийн утасны дугаарыг дуудлага хүлээгээд сууж буй мэргэч төлгийн утасны дугаартай солбиж бичжээ.
Жанетт анх гайхширсан ч юу болсныг сая нэг ойлгож, тэгээд өнөөх эрэгтэйд тайлбар өгчээ. Ирээдүйн тухай асуултуудын хариулт гэж бий, тэдгээрийг Библи гэдэг номоос олж болдог гэж ярьжээ. Тэгээд утсаар залгасан хүнд Есүс Христ хэрхэн ирээдүй маань өөрчлөхөөр ирсэн тухай ярьсан. Бид мөнх хугацааг хаана өнгөрүүлэх бол гэсэн асуултуудад маань хариу өгөхөөр ирснийг хэлэв.
Тэгтэл залгасан өнөөх эрэгтэй “Би тэр Бурханы чинь тухай мэдмээр байна!” гэж дуу алдав. Та надад итгэнэ үү, байна уу, гэхдээ хов жив, сенсаци мэдээг голдуу нийтэлдэг шар сонин тэр хүний хувьд Есүс Христийг таньж мэдэх хэрэгсэл болжээ.
Хүмүүс ирээдүйг мэдэхийг хүсдэг нь баримттай зүйл. Би найз залуутайгаар хуримлах уу? Миний ажил бизнес амжилтыг олох уу? Би хүүхэдтэй болох уу? Миний цуглуулсан хөрөнгө мөнгө намайг амьд сэрүүн ахуйд барагдах уу? Би хайр болон гэрлэлтдээ амжилтыг олох уу? Би шалгалтаа амжилттай өгч чадах болов уу? Та ер нь ирээдүйнхээ талаар хувьдаа хэр ихийг мэддэг вэ? Эмч нар эхо буюу хэт авиа ашиглан төрж хараахан амжаагүй ургийн хүйс ямар байгааг урьдаас хэлж чаддаг болсон. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй чигээр байхаар сонголт хийдэг. Үүнийг төрөх үеийн гэнэтийн бэлэг болгомоор байдаг. Үүний адил зарим хүн ирээдүйд юу болохыг мэдэхгүй байхыг илүүд үзнэ. Учир нь ирээдүйд болох юм өөрсдөд нь таалагдахгүй байж магадгүй гэж эмээдэг. Гэвч ихэнх хүн бол ирээдүйгээ мэдмээр л байдаг шүү дээ.
Ира Стенфилл энэ тухайд хэлэхдээ “Маргааш юу болохыг би мэдэхгүй ч миний гараас атгах Нэгэнийг таньж мэднэ” гэсэн. Тэр бат итгэл танд ч байх боломжтой шүү. Хэн нэгэн хүн танд юу тохиолдох тухай хуурамч эш үзүүллэг хийж өгөхийг зөвшөөрөх биш, харин та ирээдүйтэйгээ нүүр тулах гээд явж байхад Бурхан өөртэй чинь хамт алхаж буйг мэдэх нь юутай илүү вэ! Тэр таныг хэзээ ч орхихгүй, таныг хэзээ ч умартахгүй гэдгийг мэдэх нь юутай сайхан! Бурханы хүүхэд хэзээ ч ганцаараа алхдаггүй. Хэрэв та Бурханы Хүү, Есүс Христ тантай гар гараа хөтлөн алхаж буй төсөөлж чадсансан бол ирээдүйд яг юу юу болох талаар та анхаарах байсан гэж үү?
Ямар ч байсан, нарийн бичиг Жанеттын хүлээж авсан утасны дуудлага ганц тэр байгаагүй. Дараа дараагийн өдрүүдэд 50 гаруй хүн утсаар нь залгаж, нөгөө л нэг “Би ирээдүйгээ яаж мэдэж болох вэ?” гэсэн үндсэн асуултаа асуув. Өөрийн Үг болох Библид Бурхан бидэнд ирээдүй юу авчрах талаар онцгой ойлголтыг өгсөн байгаа. Тэр номыг та уншаарай. “Та надад ирээдүйг маань хэлээд өгч чадах уу?” гэсэн асуултын чинь хариуг тэр ном танд хэлж өгнө.