ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХҮЙ

ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХҮЙ

“Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий.” Галат 6:1

Жо Шетлер гэдэг эмэгтэй Филиппин улсын Хойд Лизон гэдэг бүс нутгийн омгийн зохион байгуулалттай бүлгээр амьдардаг Балангао гэдэг хүмүүсийн дунд ажиллахаар очжээ. Гэтэл түүний хийдэг зүйлс бүлгийн хүмүүсийн хийдэг зүйлсээс тэс ондоо болохыг бүсгүй төд удалгүй ухаарчээ. Мэдээж соёлын ялгаа гэж байдгийг тэр мэддэг байсан. Гэхдээ соёлын ялгаа ямар агуу том байж болохыг бүсгүй ухааралгүй очсон байжээ. Бүсгүй нэг зүйлийг удахгүй сурчээ. Хэдийгээр өөрийнх нь төрж өссөн газар байдаг соёл, иргэншлийн хөгжлийг илтгэх зүйлс Балангаочуудын дунд байсангүй ч тэд хүн хоорондын харилцааны тал дээр өөрийнх нь соёл ахуйгаас ч хамаагүй хөгжингүй болсон байжээ. Ялангуяа харьцахад хэцүү хүмүүстэй таарамжтай болох тал дээр тэд үнэхээр хамаагүй урагштай байсан. “Үг хүч эрх мэдэлтэйгээр иржээ” гэдэг номондоо Жо ийм нэг явдлыг өгүүлжээ.
Нэг удаа өөрийнх нь хүргэж байсан Библийн үг мэдээтэй харшилдаж буй сургаалыг тээж нэг хүн тэдний бүс нутагт иржээ. Бүсгүй юуны түрүүнд тэр хүний үйлдлийг зогсоохыг омгийн нэг удирдагчаас гуйв. Омог дотор өөрийг нь үрчилж авсан эцгээсээ ямар нэг юмыг Жо шаардтал эцэг нь түүнд “Үр минь, чи бусадтай хэрхэн ярилцаж хэлэлцэх тухай мэдэхгүй байна даа” гэж хариулжээ.
Тэр үгийг сонсоод, Жо “За яахав, та миний эцэг болсон. Та надад хүнтэй яаж хэлэлцэхийг зааж өгсөн нь дээр байх” гэжээ. Ингээд настан түүнийг суулгаж байгаад зөрчлийг хэрхэн шийдвэрлэхийг тайлбарлаж өгчээ. Тэр хэлэхдээ “Юуны түрүүнд чи сонсох хэрэгтэй” гэв. Дараа нь “Өнөөх хүнтэйгээ түүний явдаг замаар алхаж, боломжтой бүхий л үйлдлийг нь сайшаагаарай. Үүгээр тэр хүнийг ойлгож байгаагаагаа түүнд мэдүүлэх болно. Тэгвэл чи өөрийг нь заналхийлээгүй болохыг тэр хүн мэдрээд, түүний үзлийг ойлгож байгааг ухаарна. Тэр үед нь түүнийг гараас нь хөтлөөд, хүссэн зүгтээ түүнийг дагуулаад яваарай” гэж хэлж өгсөн.
Тэр зөвлөгөө бол хэзээ ч сургуулийн босгоор алхаж байгаагүй, дэлхийн агуу дуу хөгжмийн тоглолт ч үзэж байгаагүй хүний амнаас гарсан үгс гээд боддоо.
Олон хүн тэр настанг чулуун зэвсгийн шахуу хүн гэж үзэх байх. Гэтэл тэр хүн олон зууны өмнө Гэгээн Томас Аквинагийн бичиж үлдээсэн үгийг өөрийнхөө үгээр хэлж тайлбарласнаа огт мэдээгүй. Дэлхий дээр амьдарч байсан аливаа хүнээс үг ятгалгын талаар илүү ихийг мэдсэн Аквина нэг удаа ийм үгийг бичжээ: “Та хэн нэгэн хүнийг өөрийнхөө үзэлд эргүүлж оруулахыг хүсэж байгаа бол тэр хүний очиж байгаа газарт очоод, гараас нь хөтлөөд (оюун ухааны хувьд), тэр хүнийг удирдаарай. Түүнээс биш өрөөний нөгөө талд зайдуу зогсчхоод түүн рүү хашхичих нь утгагүй шүү. Мөн тэр хүнийг тэнэг мангараар нь дуудаж болохгүй. Бас тэр хүнийг өөрийн байгаа газарт ир гэж тушаах нь зохисгүй. Харин түүний байгаа газраас эхлээд тэр байрлалаас явах нь зөв. Зөвхөн ийм арга замаар түүнийг ятгаж чадна.”
Тэгвэл Балангао омгийн ахын хэлсэн үгийг задлан дүгнэцгээе. Аливаа зөрчлийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт, өөртэй чинь санал зөрөлдөж байгаа хүний яг юу гэж ярьж байгааг сонсоорой. Үнэхээр ойлгохоос нааш тэр хүнийг бүү шүүгээрэй. Магадгүй та хоёрын зөрчил бодит зөрчил биш, зүгээр л үг хэллэгийн асуудал байж болох юм.
Дараа нь буюу хоёрдугаар алхамд тэр хүнтэй нийтлэг талбар дээр уулзахыг хичээгээрэй. Та хоёрт нийтлэг зүйл гэж юу байна вэ? Та хоёрын санал нэгддэг талбар юу вэ? Тэндээс эхэлбэл зүйтэй. Тэгээд боломжтой бол зөрчилдөж байгаа хүнийхээ итгэлийг олж ав. Заримдаа гэрлэлт дотор ч бай, найз нөхдийн дунд ч бай зөрчил бий болоход бид нэг нэгэн рүүгээ маш хүчтэй дайрдаг учраас нөгөө хүнийхээ алдаа дутагдлыг зааж өгөх гэсэн аливаа оролдлогыг нөгөө хүн маань дайсагнасан байдлаар няцаах болдог.
Эцэст нь мэргэн ахын зөвлөснөөр “өнөөх хүнээ гараас нь бариад, түүнийг хүссэн газартаа дагуулаад яв.” Тэр ах дүү үнэндээ элч Паулын сэтгэлийг ойлгосон билээ. Паул “Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий. Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн. Учир нь хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм гэж боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна.” (Галат 6:1-3) гэж хэлжээ. Тиймээс ямар нэг байдлаар номчирхохгүйгээр хэн нэгэнтэй зөрчилтэй болбол эдгээр энгийн алхмыг ашиглах гэж хичээгээрэй. Энэ алхмууд танд ч гэсэн тус болох билээ.