ОРГИЛД ХҮРЧ АМЖААГҮЙ БАЙХДАА УУЛЫН УРУУ БУУХ ТУХАЙ

ОРГИЛД ХҮРЧ АМЖААГҮЙ БАЙХДАА УУЛЫН УРУУ БУУХ ТУХАЙ

“Учир нь энэ Бурхан мөнхийн мөнхөд бидний Бурхан. Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө.” Дуулал 48:14

Нэгэн мэргэн хүн хошигнон хэлэхдээ “Уулын уруу буухын нэг сул тал бол орой дээр нь байснаа үл санах явдал” гэсэн байдаг. Нэлээд олон хүн энэ үгтэй санал нэгдэх байх. 40-өөд насанд амьдралыг заагладаг бүдэг бадаг зураасыг давахад хүмүүс тэрнээс цаашаа уулын уруу бууж эхэлж байна гэж боддогтой холбоотой.
Эрт дээр үед Франсис Бейкон өөрийн Эрүүл мэндийн дэглэм гэдэг номондоо “Хүн нас өтлөх жамыг сөрж чадахгүй” гэсэн. Гэвч сүүлийн жилүүдэд илүү тэжээллэг хооллолт болон урьдчилан сэргийлэх анагаах ухааны тусламжтайгаар нас өтлөлтийг удаашруулах, дундаж эрэгтэй юмуу эмэгтэй хүний амьдралын хугацааг уртасгах тал дээр нэлээд их амжилттай алхмууд хийгдсэн байна. Өнөөдөр дэлхийн дундаж эр хүн 71 гаруй насалж, түүний эсрэг хүйсний хүн буюу эмэгтэй хүн 73 насалж байна. Хэрэв хүмүүний амьдралын хугацааг дундуур нь хуваах юм бол эмэгтэй хүн 37 насандаа, харин эрэгтэй хүн 35 насандаа хижээл дунд насанд хүрдэг гэж хэлэх болдог. Гэтэл энэ нь бидний хижээл дунд насны ойлголттой бараг тохирдоггүй.
Хижээл дунд наснаас эмээж амьдардаг хүмүүс амьдралын бас нэг баримттай үнэнийг бараг авч хэлэлцдэггүй. Амьдралын хамгийн агуу ололт амжилтын олонхыг хүн бид цэцэглэж буй залуу насандаа буюу бие махбод маань үзэсгэлэнтэй, эрүүл чийрэг байхад хийдэг юм биш. Харин тэдгээр агуу ололт амжилтыг бид оргил дунд насандаа хийж гүйцэтгэдэг. Залуу насныхаа сургамжуудыг нэгэнт сурч аваад, зүрх сэтгэлдээ хижээл дунд насны мэргэн ухааныг хэрэгжүүлж чаддаг болсон хойно бид хамгийн том амжилтад хүрдэг.
Канадын төрийн банкны сар бүрийн тайлан захидалд ингэж өгүүлсэн байна: “Түүх, гүн ухаан, улс төр, шинжлэх ухаан болон урлаг зэрэг салбарын хамгийн агуу ололт амжилтыг 40-өөс 70 насны хүмүүс хийсэн болохыг бид мартаж болохгүй. Тиймээс хижээл дунд насыг сэтгэц болон бие махбодын уналтын үе гэж хүмүүс яагаад тодорхойлдог болох нь их гайхшрал төрүүлсэн зүйл байна. Хүмүүний тархины үйл ажиллагааны талаар хийсэн хамгийн сайн судалгааны үр дүнгээс харвал хижээл дунд насны хүмүүс мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх үед тэдэнд оюун ухааны дасан зохицол дутагддаг болох нь илэрчээ. Британийн нэгэн судлаач саяхан нэг судалгаа хийж, 16 өөр салбарын хэдийнээ өөд болсон зураач, шинжлэх ухааны зүтгэлтэн болон эрдэмтдийн үр нөлөөтэй байдлыг шинжилжээ. Тэдгээр салбарын зүтгэлтнүүдийн хамгийн үр бүтээлтэй нас нь 40-50 нас байжээ. Зөвхөн нэг салбарт буюу танхимын хөгжмийн салбарт хамгийн үр нөлөөтэй байдал арай залуухан насанд илэрч байжээ. Тухайн судалгаанд хамруулсан тооны ухааны хүмүүс 60 нас хүртлээ үр дүн ихтэй оргил цэгтээ хүрсэн тохиолдол байсангүй.”
Эхнэр бид хоёр нэг кафед өглөөний ундаа уугаад сууж байхад нэг жижигхэн биетэй 80 орчим насны эмэгтэй орж ирээд, бидний харалдаа суув. Тэр эмэгтэй хорчийсон мэт, арьс нь усанд хоёр цаг дэвтээсэн юм шиг үрчлээтсэн байсан. Гэтэл түүний нүд гал цогтой, таатай сайхан инээмсэглэл нь өндөр насны үрчлээг нь анзаарагдахгүй мэт болгож байлаа.
Тэр үед надад Исаиа 40-р бүлэг өөрийн эрхгүй санагдав. Тэнд эш үзүүлэгч амьдралын гурван цаг үеийг дурдаж ийнхүү хэлжээ: “Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана, алхлаа эс цуцна.” Залуу насандаа бид бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Хижээл дунд насандаа бид гүйлээ ч үл туйлдана. Харин эцсийн жилүүддээ бид Түүнд найдан байхдаа алхлаа ч үл цуцах билээ.