ГЭГЭЭНТНҮҮДЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ГЭМ НҮГЭЛ

ГЭГЭЭНТНҮҮДЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ГЭМ НҮГЭЛ

“ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. ЭЗЭНд замаа даатга, Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө.” Дуулал 37:4-5

Өнөөдрийн миний ярих гэж байгаа зүйлийг зарим хүмүүс “гэгээнтнүүдэд хүлээн зөвшөөрөгдөх гэм нүгэл” гэж нэрлэсэн байдаг. Бараг бүгд үүнийг үйлддэг учраас тэгдэг байх. Харин цөөн хүн энэ үйлдлээ нэрлэвэл зохих ёсоор гэм нүгэл гэж нэрлэнэ. Тэгвэл бидний хувьд “хүлээн зөвшөөрөгдөх” тэр буруу зүйл юу вэ? Энэ бол САНАА ЗОВОЛТ! Бид үүнийг өчүүхэн ч тоохгүй, санаа зовж байгаагаа хүртэл өмгөөлдөг. “Би зүгээр л яаж ч чадахгүй байна. Энэ бол миний мөн чанар!” гэж бид ярьдаг. Үүний зэрэгцээ, бид үүнийг зөвтгөхдөө ангилж ярьдаг. Зүгээр нэг зовнил буюу гэмгүй санаа тавилтыг жинхэнэ санаа зоволтоос өөр гэдэг. Тэр хоёрын хооронд асар том ялгаа бий гэж хэлдэг. Магадгүй байдаг л байх! Юутай ч байсан, би хүртэл тэрхүү шугамыг юун дээр давж, багахан зовнил маань хэрхэн санаа зоволт болдгийг би сайн хэлж мэдэхгүй. Би ямар нэг юмны төлөө залбирч байхын зэрэгцээ түүнийхээ талаар санаа зовсоор байж, тэр зүйлтэйгээ тэмцэлдэж яагаад нойр хулжиж суудгаа сайн тайлбарлаж чадахгүй.
Хэрэв ч гэсэн энэ асуудалтай тэмцэж байгаа бол би танд тусалъя. Танд өөрийгөө шалгах жагсаалтыг санал болгомоор байна. Энэ бол өөрөөсөө асуувал зохих цогц асуултууд билээ.
1-р асуулт: Би тухайн нөхцөл байдлын төлөө залбирч байхдаа тэрхүү асуудлаас Бурхан хамаагүй агуу гэдэгт нь талархдаг уу?
2-р асуулт: Миний санаа зоволт миний зүрх сэтгэлд буй Бурханы Үгийг боомилохыг би зөвшөөрч байна уу?
3-р асуулт: Бурхан миний амьдралыг бүрэн хянаж байгаа гэж би үнэхээр итгэдэг үү? Эсвэл хуурамч аюулгүй байдлын мэдрэмжээр амьдарч байна уу?
4-р асуулт: Хэрэв би Мариагийн адил Есүсийн хөлд цаг гаргаж суувал тухайн санаа зоволт намайг орхин одох уу?
Шинэ Гэрээний Лук 10-р бүлэгт гарах Мартаад хандуулсан Есүсийн зөвлөгөөг онцлон уншаарай. “Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа. Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй...” (Лук 10:41-42) Тэр ганцхан зүйл бол Түүний оршихуй билээ. Тэр эшлэлд өөрийнхөө нэрийг орлуулж уншиж үзээрэй. Тэр танд хандаж “Чи мөн ч олон юманд санаа зовж сэтгэлээр унах юм даа... Гэвч миний оршихуй дотор байх бол чиний санаа зовнилын хариулт билээ” гэж хэлэх болно.
5-р асуулт: Би өөрийнхөө хүсэл шийдвэрээр тухайн санаа зоволтоо Эзэний хөлд тавьж өгсөн байна уу?
Учир нь Тэр айлдахдаа “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” (Матай 11:28)
6-р асуулт: Миний санааг зовоож буй зүйл үнэндээ мөнх хугацааны хувьд тийм ч санаа зовууштай зүйл мөн үү?
За яахав, хүн бүхэн л санаа зовдог байх. Гэвч энэ талаар юу хийж болох билээ? Тиймээс санаа зоволтыг зохих ёсоор гэм нүгэл мөн гэж хүлээн зөвшөөрөөрэй. Үүнийгээ гэмшин улайж, хийхээ боль. Та өөрийн санаа зовдог зүйлсээ тодорхойлоорой. Тэгээд эдгээрийн талаар Бурханд ярьж өг. Тэр санаа зоволтыг чинь юу бий болгосон мөн танд ямар мэдрэмж төрж байгааг Түүнд мэдүүлээрэй. Санаа зовж буй зүйлийнхээ тухай залбирчхаад, хэрэв та ямар нэг юм хийх боломжтой бол хийгээд эхэл.


БУРХАНЫ ҮГИЙН АМЛАЛТУУД ҮНЭХЭЭР ҮНЭН ГЭСЭН БАТ ИТГЭЛД ТҮШИГЛЭН АМЬДРААРАЙ.