САДАА БОЛДОГ ДУУ ХООЛОЙ

САДАА БОЛДОГ ДУУ ХООЛОЙ

“Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө.” Дуулал 46:10

Та нэг зүйлийг ажиглаж байсан уу? Хэн нэгэн хүнийг “Бурхан надад ямар нэг юм хий гэж айлдсан” гэж хэлэхэд нь бид түүний талаар бодохдоо, нэг бол үнэхээр сүнслэг хүнтэй уулзлаа гэдэг, эсвэл сэтгэл мэдрэлийн эмч шаардлагатай хүн байна гэдэг. Тийм биз дээ?
Гэтэл Бурханы дуу хоолойг үргэлж сонсдог гэж хэлэх зарим хүнд сэтгэцийн эмчилгээ засал үнэндээ хэрэггүй. Харин тэдэнд өөр нэг тусламж хэрэгтэй. Бурханы дуу хоолойг сонслоо гэж андуу бодож байгаа хэрэг. Үнэндээ шашны дуу хоолой юмуу манай дэлхийн дуу хоолойг сонсож байгаагаа Бурханы дуу хоолой гэж боддог.
Хуучин Гэрээ номонд нэг сонирхолтой холбоо үг байдаг. Тэр холбоо үгэнд бидэнтэй өнөөдөр тулгардаг гурван дуу хоолойн тухай өгүүлжээ. Эдгээр нь, хот газрын дуу хоолой, албан ёсны шашны дуу хоолой, мөн бусдаас ангид, бусдаас ялгаатай Бурханы дуу хоолой билээ. Тэрхүү сонирхолтой холбоо үгийг та Хуучин Гэрээний Исаиа номын 66-р бүлгийн 6-р эшлэлээс уншиж болно. Энэ хэсэгт Исаиа тэр гурван дуу хоолойг дурдсан:
Нэгдүгээрт, хот газрын дуу хоолой бол хөл үймээний дуу хоолой, эмх замбараагүй байдлын дуу хоолой байжээ. Үүгээр өнөөдрийн амьдрал ямар байгааг төлөөлүүлсэн. Амьдрал жижигхэн чамбай боолттой зүйлсээс бүрддэггүй. Харин түүний оронд амьдрал гол төлөв дуу чимээ ихтэй, толгой эргүүлсэн, сандарч бужигнасан байдаг. Өнөөдрийн дэндүү олон зүйлс Бурханы дуу хоолойг давж дуугардаг. Тэр дотор: хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, бидний цагийн хуваарь, садаа болсон зүйлс, үүрэг хариуцлагын дуу чимээ болон үйл ажиллагааны бөөгнөрөл.
Хоёр дахь дуу хоолой нь сүмээс гарч байсан дуу хоолой байжээ. Уг нь энэ дуу хоолой их тодорхой, намжуун байх учиртай ч тийм байж чадаагүй. Энэ бол албан ёсны шашны дуу хоолой юм. Нэгэнт гажиж завхарсан, цэвэр ариун байхаа больсон тахилч нарыг Исаиа эш үзүүлэгч буруушаажээ. Яг л Исаиагийн цаг үетэй адил өнөөдөр та үнэнийг худал зүйлээс ялгаж шүүхийн тулд хэрсүү ухаантай байх шаардлагатай.
Гурав дахь дуу хоолой бол Бурханы дуу хоолой. Энэ нь өнөөдөр ч гэсэн тодорхой, үнэн болох дуу хоолой. Исаиа эш үзүүлэгчийн номны сүүлийн гуравны нэг дээр Бурхан зовлонд автсан Өөрийнхөө хүмүүсийг тайвшруулах үгийг ярьжээ. Бидний эргэн тойрны дэлхий ямар замбараагүй байхаас үл шалтгаалан энэ үг нь тайтгарал болон найдварын мэдээ болдог. Гэхдээ зүгээр л эерэг өнгөтэй “Бүх юм зүгээр байх болно” гэсэн үг биш. Харин ч бидний дэлхий хэчнээн үймээн самуунтай байсан ч Бурхан Өөрийнхөө хүмүүсээ умартахгүй гэсэн үнэнийг өгүүлсэн тод томруун, голыг оносон үг билээ.
Танд нэг сайн мэдээ хэлье. Та өнөөдөр ч Түүний дуу хоолойг сонсох боломжтой. “Энэ бол зөв зам мөн. Үүгээр алхаарай!” гэж хэлэх түүний үгийг сонсож чадна. Гэхдээ та Бурханы дуу хоолойг үнэхээр сонссоноо яаж мэдэх вэ? Энэ асуултад хариулахад туслахын тулд танд хэдэн санаа өгье.
Нэгдүгээрт, Бурханы дуу хоолой бол чимээгүй, намжуун дуу хоолой. Манай дэлхийн дуу шуугианаар дүүрсэн дуу хоолой хэзээ ч байдаггүй. Та их анхааралтай, чих тавин сонсох хэрэгтэй. Дуулал номыг бичсэн хүн Бурханы дараах ятгалгыг тэмдэглэн үлдээжээ “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд.”  (Дуулал 46:10) Тэр үгсийг орчуулахдаа “Тэмцэлдэхээ боль” гэдэг нь “амгалан тайван бай”, эсвэл “хийж байгаа зүйлээ зогсоо” гэсэн утгатай. Голдуу таныг ядрааж эцээдэг үйл ажиллагаанаас завсарлага ав гэсэн үг. Таныг буланд шахах мэт хорьж боож байгаа зүйлсийг зогсоо гэсэн үг. Харин Түүний Үг болон Түүний оршихуйд цагийг өнгөрүүлээрэй гэсэн үг.
Хоёрдугаарт, Түүний дуу хоолой бидний хуучин мөн чанарын хүсдэг зүйлсээс эсрэг юмыг хэлдэг. Харин Түүний Үг болох Библид хэлсэн зүйлсийн эсрэг огт ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан танаар голдуу хийлгэхийг хүссэн зүйл заавал тодорхой хэмжээний үнэ цэнийг шаарддаг. Бурханы зам болон бидний хуучин, нүгэлтэй мөн чанарын зам дандаа эсрэг чиглэлд хөтөлнө. Тиймээс төдийлөн олон хүн чин сэтгэлээсээ “Эзэн, Та надтай хамт алхах юм бол би нарийхан замаар алхахад бэлэн” гэж хэлдэггүй.
Гуравдугаарт, Түүний биднээр хийлгэхээр дуудаж байгаа зүйл биднийг биш, харин Түүнийг алдаршуулах болно. Надад итгээрэй, анд найз минь. Бурхан Өөрийг нь сонсож буй хүмүүстэй өнөөдөр ч ярьсан хэвээр.