СОЁЛЫН ЭСРЭГ АМЬДРАХУЙ

СОЁЛЫН ЭСРЭГ АМЬДРАХУЙ

“ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ...” Иошуа 24:15

Роберт Хидалго гэдэг хүн “Христитгэгчид cоёлын эсрэг байхаар дуудагдсан уу? гэсэн гарчигтай нэгэн нийтлэлийг бичжээ. Христитгэгчид энэ асуултын хариулт нь “Тийм ээ, үнэхээр тийм байхаар дуудагдсан!” гэх болно. Библи өөрөө Бурханд буулт хийхэд уриалан дууддаг. Бурханыг төвөө болгосон амьдралд дуудсан. Энэ бол хүмүүн бидний замнадаг өөрийгөө төвөө болгосон амьдралаас эрс ялгаатай амьдрал. Бидний хувьд “Христитгэлийн соёл” гэж нэрлэдэг зүйл бол Бурхан оршин байгаа, Түүнийг таньж мэдсэнээр хүн бид сайн сайхан амьдарна гэсэн ерөнхий итгэл үнэмшил билээ. Гэтэл энэ итгэл үнэмшил Барууны ертөнцөд үндсэндээ устаж үгүй болсон. Мөн түүнчлэн дэлхийн олон газарт Библийн Бурханыг мэдэх мэдлэг огт байсангүй гэвэл хилсдэхгүй.
Исаиа 53-р шулуухан хэлсэн шиг бид бүгд “... төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав...” Тиймээс соёлын хэм хэмжээ яагаад Библид өгүүлсэн замналаас ийм ихээр гажих болсныг ойлгоход тийм ч хүнд биш билээ. Дүрслэх урлаг, хөгжим, уран зохиол, бас интернет ертөнц бүгд хүмүүний төөрсөн, үнэхээр буруудсан нөхцөл байдлыг тусган харуулж байна. Тиймээс өнөөгийн соёлын илэрхийллийг онцолж байдаг харанхуй, муу муухай, жигшүүрт бузар зүйлсээс итгэгч хүн ухарч няцах боломжтой. Гэвч үүнтэй холбогдуулан бид загалмайг бодолцвол илүү сайн.
Роберт Хидалго ингэж бичжээ: “Загалмай өөрөө хоёр талтай. Нэг тал нь аливаагийн эсрэг, харин нөгөө тал нь аливаа юмны төлөө байна. Хүн төрөлхтөн бүгд тухайн мөчид Есүсийн эсрэг зогсож байлаа. Харин Есүс амьдралыг, найдварыг, нигүүлслийг болон хүн бидний авралыг дэмжсэн талд зогсжээ. Бид Есүсийн эсрэг боссон ч Тэр бидний эсрэг зогсоогүй” Загалмай дээрээс бид нүглийг буруушаасан Бурханы уур хилэнг харахын зэрэгцээ Өөрийнхөө бүтээлийн төлөөх Бурханы хайрыг мэдэж болно.
Одоо нэг асуулт асууя: “Ямар нэг юманд хариу үйлдэх гэж, эсвэл ямар нэг юмны эсрэг зогсохын оронд бид ямар нэг юмны төлөө амьдарч сурвал ямар вэ?” гэсэн асуултыг Хидалго тавьжээ. “Есүсийн амьдрал, загалмай дээрх Түүний хайрын үйлдэл бидний төлөө байжээ. Бидний төлөөх тэр үйлдэл бузар муу болон харанхуйн хүчнийг баттай эсэргүүцэж чадсан. Хэрэв та үнэхээр ямар нэг зүйлийн төлөө зогсвол таныг яг юуны эсрэг байгааг бүгд мэдэх болно шүү дээ.”
Бидний соёл дотор байдаг харанхуйг эсэргүүцэхийн тулд түүнийг зүгээр хориглох юмуу түүнээс зайлсхийхэд хангалтгүй. Аврал золилтын соёлын түлхүүр бол гэрэл. “Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав” гэж Исаиа 9:2 тайлбарлажээ. Христитгэгч та Гэрлийг харсан. Энэ гэрэл таныг өөрчилсөн. “Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв” гэж Ефес 5:8-р ишлэлд Элч Паул бичжээ.
Тийм ээ, “бид буруу гэсэн зүйлийг эсэргүүцэж, түүний эсрэг бас зогсох шаардлагатай үе гэж байх нь мэдээж хэрэг. Шударга бус байдлын эсрэг дуу өргөж, завхрал дуусахыг хүсэмжлэх цаг үе гэж зайлшгүй байна.” Хидалго нийтлэлээ төгсгөн дүгнэхдээ “Гэвч энэ бол бидний хийх бүх зүйл биш гэж би найдаж байна. Эсэргүүцлийн хамгийн сайн хэлбэр бол илүү сайн зүйлийн төлөө босож зогсох явдал гэдгийг бид санах болно гэж би найдаж байна” гэсэн.
Мэдээж бид буруу зүйлсээс хол байж, тэдгээрийн эсрэг зогсох шаардлагатай л даа. Гэвч түүнээс илүүгээр бид өөрсдийн амьдарч буй соёлдоо Түүний төлөө зогсох болтугай. Бурханы шүүлт зайлшгүй хэрэгтэй гэж хүлээн зөвшөөрөх амьдралаар бид амьдрах болтугай. Мөн Түүний нигүүлсэлд хэмжээлшгүйгээр талархах амьдралаар амьдрах болтугай. Бидний цаг үеийн соёл ахуй улам ихээр харанхуйд баясан хөөрөх тусам бид харин Гэрэл гарган амьдрах болтугай. Үүнийг л соёлын эсрэг амьдрахуй гэж нэрлэнэ шүү дээ.