ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧРАГСАД

ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧРАГСАД

“Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд” 1 Петр 3:14-15

Энгийн чимээгүй, тааварлашгүй хүмүүс ямар нэг үйл хэргийн төлөө асаж бадраад, өөрсдөө ч үл итгэм гайхам байдлаар зөв зохистой явдлын төлөөх тулааны удирдагчид болдог. Яаж ийм зүйл тохиолддог бол оо? Илүү зэвсэглэгдсэн, илүү сайн бэлтгэгдсэн хүмүүс хүртэл зайдуу зогсох юмуу бууж өгдөг шүү дээ. Гэтэл төдийлөн хүчтэй биш хүмүүс тулааныг удирдахад тэднийг юу хүргэдэг вэ?
Нэгдүгээрт, та тухайн үйл хэргийг зөв зохистой үйл хэрэг мөн гэж итгэвэл өөрчлөлтийг бий болгож чадна. Тэмцлийг удирдагч тэр хүмүүс ёс зүйтэй юмуу зөв зохистой гэх зүйлийн төлөө сэтгэл оргилуун байдаг.
Хоёрдугаарт, та ямар нэг үйл хэрэгт аливаа үнийг төлөхөд бэлэн байвал өөрчлөлтийг бий болгож чадна. Тэр үнэ дотор доромжлуулах, гүтгүүлэх, хов живийн бай болох, тусгаарлагдах, ганцаардах, бас заримдаа санхүүгийн алдагдал хүлээж, өвдөлтийг амсах зэрэг зүйлс багтана. Магадгүй баривчлагдахад ч хүрч болно.
Гуравдугаарт, та ямар нэг үйл хэрэгт бууж өгөхгүйгээр, зөв зохистой зүйл мөн гэж өөрийн итгэсэн юмныхаа төлөө үргэлжлүүлэн тэмцлийг явуулбал өөрчлөлтийг бий болгож чадна. Миний Библийн урд хавтасны дотор талд Эдвард Еверет Хейл гэдэг хүний үгнээс иш татсан хэсэг байдаг. Тэр үгэнд “Би цорын ганц боловч би тэр нэгэн мөн. Би бүхнийг хийж чадахгүй ч би ямар нэг юм хийж чадна. Би хийж чадах зүйлээ Бурханы нигүүлслээр хийх болно” гэж өгүүлнэ.
Дөрөвдүгээрт, та ямар нэг үйл хэргээ хэмжээлшгүй эрхэт, аливаа буруу үйлийг өөгшүүлдэггүй Бурханы мутарт тавьж өгвөл өөрчлөлтийг бий болгож чадна. Заримдаа бид хүчтэй хүмүүсийг хараад айж сүрддэг. Тэдний амьдрал болон зориулалтын улмаас хар салхи мэт агуу өөрчлөлтүүд бий болсныг хараад бид өөрийгөө өчүүхэн гэж өөрийн эрхгүй үздэг. “Би юу ч хийж чадахгүй” гэж бодоод, чадах зүйлээ хүртэл хийхгүй өнгөрдөг.
Бурхан одоо ч гэсэн таныг аваад, танаас гарах жижигхэн очоор агуу галыг гаргаж чадна. Тэрхүү агуу галаар Бурхан бүхий л хог хаягдлыг шатааж хаяад манай дэлхий ертөнцөд өөрчлөлтүүдийг бий болгож чадна. Бурхан таны хийж чадахгүй зүйлийн хариуцлагыг танаас хэзээ ч нэхэхгүй. Гэхдээ таны хийж чадах зүйлийн хариуцлагыг танаас асууна. Харин та хамгаас агуу Түүний төлөө хамгийн тэргүүн зүйлээ хийж байвал тэр чинь хангалттай байна. Үүнийг хэзээ ч бүү мартаарай.