АМЬД ӨРГӨЛ

“Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.” Ром 12:1

Нэгэн цагт дэлхийн хамгийн агуу хот байсан Ром хотоор аялвал энэ хотын эртний нуранги балгас дундаас сүм дуганаас их юм байхгүйг олж харна. Ром хотод одод болон элдэв бурхдад зориулсан дуганууд, урлагийг тэтгэгч тэнгэрт зориулсан дуганууд, мөн өөрсдийгөө бурхад гэж үздэг байсан улс төрчдөд зориулсан сүм дуганууд энд тэндгүй бий. Маш олон сүм дуган байгаа!
Ойролцоогоор МЭ 54 онд Ром хотын Христитгэгчдэд Коринт хотоос захидал бичсэн өөр нэгэн аялагч байжээ. Тэр бол Есүс Христийн Элч Паул билээ. Ром хотын сүм дуган руу чимх утлага болон залбирлуудаа өргөх гэж хүрэлцэн ирэх дуусашгүй цуварсан эрчүүд эмэгтэйчүүдийг, эсвэл бурхдын тааллыг олох гэж шүтээний хөлд цэцгэн эрх тавихаар цуварч байгаа хүмүүсийг тэр төсөөлжээ.
Паул мэдээж тийм зүйлд өөрөө итгэдэггүй байсан л даа. Цорын ганц Бурхан буюу амьд Бурхан байдаг гэдэгт тэр нэгэнт үнэмшсэн. Тэр Бурхан хүмүүн биеийг Өөрийнхөө сүм дуганаа болгож, Өөрийнхөө амьд Сүнсийг тэнд оршоосон. Гэхдээ тэр хүмүүст ойлгуулахын тулд тэдэнд танил дүрслэлийг ашиглажээ. Паул ингэж бичсэн: “Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.” (Ром 12:1) Паулын “амьд тахил” буюу таны бие махбод чинь тахил болох тухай ухагдахуун үнэхээр хувьсгал байжээ!
Сүмд Бурханы мөргөлд өргөдөг тахилуудын адил өнөөдөр итгэгчид бид өөрсдийгөө өргөх учиртайг Паул хэлжээ. Ингэхдээ амьдаар, амьдлаг байдлаар, баяр хөөртэйгөөр Түүний үйл хэргийн төлөө өргөл болгох учиртай. Тэр үүнийг бидний “сүнслэг үйлчлэл” гэж нэрлэж байна. Нэлээд хатуу хэлж байгаа биз?
Жей.Вернон Мак Жий агсан “Амьд тахилуудын гол асуудал бол тэд тахилын ширээн дээрээс мөлхөж буух хандлагатай байдагт оршино” гэж хэлжээ.
Есүс айлдахдаа “Хэн нэгэн нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” гэв. (Лук 9:23) Бүхий л зүйлийн гол түлхүүр нь бол өдөр бүр гэсэн үг билээ.
Миний нэг найз хэлэхдээ амжилттай гэрлэлт бол нэг томоохон хэмжээний “Би амлаж байна!” гэсэн үгийн хамтаар маш олон жижигхэн “Тийм ээ, амлаж байна!” гэсэн үгсээс бүрддэг. Та анх гэрлэхдээ “Энэ хүнийг нөхрөө юмуу эхнэрээ байхаар авахаар амлаж байна уу?” гэдэг асуултанд хариулж, “Би амлаж байна!” гэж хэлдэг. Гэвч та тэрхүү зориулалтаа өдөр бүр дахин дахин батлан амьдардаг. Тэгвэл Эзэнд үйлчлэх асуудал үүнтэй адил билээ.
Паул өөрийн захидалдаа үргэлжлүүлэн “Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун!” гэв. Филипсийн орчуулганд “Дэлхий таныг өөрийнхөө хэвэнд оруулахыг бүү зөвшөөр!” гэсэн байна. Өнөөдөр бидэнд хэрэгтэй зүйл бол эрс шийдэмгий нэг зориулалт билээ. “Тийм ээ, би Есүсийг дагах болно! Би Түүнийх, биеэрээ, сэтгэлээрээ, сүнсээрээ!” гэсэн амлалт хэрэгтэй. Паул хэлэхдээ “Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно” гэжээ. (Ром 12:2) Шууд утгаар хэлэхэд “энэ нь Бурханы хүсэл зориг юу болохыг та үзүүлж, нотолж чадахын тулд юм. Түүний сайн, тааламжит болон төгс хүсэл зориг юу болохыг та үүгээр харуулна.” Юутай агуу уриалга вэ!