ХОЁРДСОН ЗҮРХ СЭТГЭЛ

ХОЁРДСОН ЗҮРХ СЭТГЭЛ

“Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхэд зүрхийг минь нэгтгээч!” Дуулал 86:11

Таны тархи толгойг чинь захирч болно. Гэвч таны сэтгэл хөдлөлийг захирдаг зүйл бол яриангүй таны зүрх сэтгэл. Харин амьдралд сэтгэл хөдлөл байх нь будаг өнгөтэй байхтай адил зүйл билээ. Таны зүрх сэтгэл нэг юманд зориулалттай бол таны ертөнц нэгдмэл байна. Гэвч зүрх сэтгэл чинь хоёрдсон бол та асуудал руу зүглэж буй хэрэг.
Хоёрдсон зүрх сэтгэлтэй гэж хоёр хүнийг хайрлах хүнийг дүрсэлж буй дүрслэл. Тэр хоёрын нэг нь мэдээж шархалж, зовж байгаа нь ойлгомжтой. Энэ бас өөр өөр зүйл, өөр өөр хүчинд үнэнч байх гэж хуваагдаж буй хүний дүр зураг. Түүнчлэн Есүс Христийн Эзэн гэсэн эрх мэдэлд өөрийгөө даатгахаас цааргалж байгаа хүний дүрслэл. Тэр хүн тамаас зайлахыг хэдий хүсэвч, Христийн үйл хэрэгтэй холбогдохыг үнэндээ тийм ч ихээр хүсэхгүй байгаа хэрэг. Есүс нэг удаа ингэж айлдсан “Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.” (Матай 6:24) Тэнд Есүсийн ашигласан үг бол Арам хэлнээ үнэндээ “дэлхийн тогтолцоо, биднийг хүрээлж байгаа соёл ахуй” гэсэн утгатай үг билээ.
Хоёрдсон зүрх сэтгэл бол хоёр хаантай хаанчлал мэт. Тэр хоёр хаан ижил харьяатуудаа нэгэн зэрэг захирч чадахгүйтэй адил. Эрт цагт Давид залбиран “Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхэд зүрхийг минь нэгтгээч!” (Дуулал 86:11) гэж гуйсан билээ.
Тэгвэл хоёрдсон зүрх сэтгэлийг эмчлэх эм гэж юу вэ?
Нэгдүгээр ЗӨВЛӨМЖ: Та туг далбаагаа өргөөд, яг хэнд үйлчлэхээ шийд. Тэгээд зориулалт гаргаарай. Дэлхий болон Христ хоёрт зэрэг үйлчлэх гэж хоёрдож байгаа хүн их өрөвдөлтэй байдаг. Алийг нь ч таалан дагаж чаддаггүй. Бидэнд Иошуагийн хандлага хэрэгтэй. Тэр хашхиран “... хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ” гэж тунхаглав. (Иошуа 24:15)
Өөрөөр хэлбэл, та Бурханы өмнө өвдөг сөхрөн “Эзэн, би хоёрдсон зүрх сэтгэлийн асуудалтай тэмцсээр ирсэн. Гэвч өнөөдөр, би танд бууж өгч байна. Би таных боллоо. Миний амьдралын эмтэрсэн хэсгүүдийг аваад дахин өөрийнхөө аргаар эвлүүлж өгөөч!”
Хоёрдугаар ЗӨВЛӨМЖ: Таны үнэнч байдлыг хоёрдуулаад байгаа зүйлд үүд хаалгаа тас хаа. Өөрийнхөө цэрэг армийг харь газрын эрэг дээр авчран хөлөг онгоцоо шатааж байсан нэг бус агуу удирдагч байдаг. Тэр үед цэрэг армийн хувьд нэг бол булаан эзлэх, үгүй бол өөрсдөө эзлэгдэх асуудал тулгарч байжээ. Тиймээс махан биеэ хангахаар үүд хаалгуудыг нээлттэй үлдээх нь зөвхөн бүтэлгүйтлийн үрийг тарих болно. Өнгөрсөн амьдралын үүд хаалгыг нэгэнт тас хаавал танд явах нэг л чиглэл үлдэнэ.
Гуравдугаар ЗӨВЛӨМЖ: Оролцоотой бол. Хэтэрхий олон хүн Эзэний үйл хэрэгт оролцоогүй байж Түүнийг дагах сонголт шийдвэр гаргадаг. Энгийнээр хэлэхэд, бид нэг нэгэндээ хэрэгтэй. Хүний биеийг булчин шөрмөс нэгтэн барьдаг. Үүнтэй адил Христийн бие бол нэг нэгэндээ хэрэгтэй итгэгчдийн нөхөрлөл байна. Тиймээс та эрчүүд юмуу эмэгтэйчүүдийн бүлэгт хамрагдаарай. Нэг багийн гишүүн болоорой. Дэмжлэгийн бүлэгт ороорой. Зүрх сэтгэлээ хуваалцаарай. Яг таны зүрх сэтгэлийг хоёрдуулсан шиг тийм ижил асуудлуудтай нүүр тулж байгаа бусад хүн байдаг гэдгийг олж нээгээрэй.


ХОЁРДСОН ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ БАЙГААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДДАГ ХҮНД ХЭЗЭЭД ЭДГЭРЭЛ, ТУСЛАМЖ ОЛДОНО.